Эрүүл мэнд,спортын яам НҮБ-ын хүн амын сантай хамтран ажиллана
Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Н.Китахараг хүлээн авч уулзаж, 2016 онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар харилцан ярилцлаа. Уулзалтаар С.Ламбаа Монгол улсын Засгийн газрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн чиглэлээр олон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажилласныг дурьдаад Монгол улс Мянганы хөгжлийн эхийн эндэгдлийг бууруулах зорилтод хүрсэн орон гэж үнэлэгдэхэд НҮБ-ын Хүн амын сангийн техникийн болон санхүүгийн туслалцаа дэмжлэг маш их байсан гэдгийг онцлон хэллээ.
Хүн амын сангийн суурин төлөөлөгч Н.Китахара оны эхэнд ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргатай уулзаж, 2016 оны төлөвлөгөөг хэлэлцэн баталж байгаа хийгээд 2017 оноос эхлэн хэрэгжих таван жилийн хөтөлбөрт өсвөр үе, залуучуудын тусламж, үйлчилгээнд илүүтэй анхаарч ажиллана гэдгийг энэ үеэр мэдэгдлээ. Мөн энэ онд эрүүл мэндийн салбарт нийт 240 орчим сая төгрөгийн төсөв бүхий үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэхээр төлөвлөсний дагуу талууд гарын үсэг зурахаар болов.