Халдвар дамжуулах эрсдэлтэй тул чихэвчийг бусадтай хувааж хэрэглэж болохгүй
Сүүлийн үед гэрт, гадаа гэлтгүй чихэвчний хөгжим сонсох нь ихэссэн. Гудамж талбай гэлтгүй орой үдшийн цагаар бусдад саад учруулахгүй үүднээс чихэвчийг ашиглах нь элбэг. Гэвч чихэвчээр дуу хөгжим зэргийг чанга, удаан сонсвол сонсгол муудах, дүлийрэх аюултайг мэргэжилтнүүд сануулсаар байна.
Өөрөөр хэлбэл чихэвчээр дуу хөгжим удаан хугацаагаар сонсох, хэт чанга сонсох нь сонсголын мэдрэлийн хүлээн авах хэлбэрийн сонсгол муудах, дүлийрэх шалтгаан болдог байна.
Мөн чихэвчнээс цахилгаан соронзон долгион ялгарч байдаг. Шууд тархинд нөлөөлөхгүй ч тархины эмгэгт өртөмхий байдлыг нэмэгдүүлж байгааг эрдэмтэд онцлоод байгаа аж.
Түүнээс гадна Чихэвч хэсэг газарт даралт үүсгэж байдаг учир чихний сувгийн үрэвсэл, халдварыг үүсгэж байдаг. Тиймээс чихэвчээ хувааж хэрэглэснээс халдвар дамжуулах эрсдэлтэй гэдгийг “Сонгдо” эмнэлгийн чих, хамар хоолойн эмч М.Цэндсүрэн хэлж байна. Ингээд чихэвчний зохистой хэрэглээний талаарх зөвлөгөөг хүргэж байна.