Ч.УРТНАСАН: ХАНИАД ТОМУУГ МАШ ЭНГИЙН АРГААР 3-5 ХОНОГТ Л ЭМЧИЛЖ БОЛДОГ

2016 оны 1 сарын 04

Сүүлийн үед бага насны хүүхдүүдийн дунд ханиад томуугийн гаралт ихэсч, эцэг, эхчүүд анзааргагүй явсаар хүндрүүлэх тохиолдол их байна. Мөн гэдэс барьсан ханиад, нүд барьсан ханиадыг, тархи хөдлөхтэй андуурч, цаг хугацаа их алдсанаас өвчлөлийг улам хүндрүүлж, хүүхдийнхээ амь насыг дээсэн дөрөөн дээр аваачих явдал ч мэр сэр байгаа юм. Тиймээс бид ХӨСҮТ-ийн их эмч, эмч нарын дээд шагнал “Алтан чагнуур”-ын эзэн Ч.Уртнасантай хийсэн ярилцлагаа дахин нийтэлж байна.

– Сүүлийн үед эцэг, эхчүүдийн дунд хүүхдээ ханиад хүргээд хүндрүүлчихлээ гэх яриа түгээмэл болжээ. Ер нь ханиад томууны улирал эхэлсэнтэй холбоотойгоор энэ өвчний гаралт хэр ихэсч байна вэ?

– Томуугийн вирус манай хүн амын дунд эргэлтэнд орчихсон явж байна. Өөрөөр хэлбэл, А хэлбэрийн АH1N1, H3N2 хэлбэрийн вирус эргэлтэнд ороод гурван долоо хоног орчим болж байна. Өнгөрсөн долоо хононгт улсын хэмжээнд 170 мянган хүн эмнэлэгт хандаж үзүүлснээс 8 мянган хүнд томуу ханиудтай гэдэг онош тавьсан. Энэ бол нийт өвчлөлийн 5 хувийг,  улсын хэмжээнд бүртгэгдсэн дуудлагын 13 хувь орчмыг ханиад, томуу эзэлж байна гэсэн үг.

Гэхдээ  томуугаар өвчлөгсдийн дийлэнх нь хүүхдүүд. Томуугаар өвчлөгсдийн 92 хувийг 15 нас хүртэлх хүүхдүүд, 70 гаруй хувийг зөвхөн 5 хүртэлх насныхан эзэлж байна. Тэгэхээр энэ үед хэнд илүү анхаарал хандуулах вэ гэдэг нь харагдаж байгаа юм.

-Нэгэнт ханиад томуу хүрчихсэн үед ямар арга хэмжээ авбал зохилтой вэ?

– Томуу бол манайд цоо шинэ өвчин биш. Манайд жил бүр л томуугийн улирал эхэлдэг, тэр үед одоо гарч байгаа хэдэн төрлийн вирусууд л эргэлдэж байдаг. Тэгэхээр эцэг, эхчүүд хүүхдэдээ хэр анхаарал тавихаас хүүхэд ханиад авах, хүндрэх, эмнэлэгт хэвтэх, сэхээнд орох, хатгаа болох, амь нас эрсдэх явдал хамаарч байгаа юм.

Гэхдээ томууг маш энгийн аргаар,  3-5 хоногт л эмчилж болдог. Манайхны дунд энэ аргыг мэдэхгүйгээс, хүүхдэдээ анхаарал халамж бага хандуулж үгжрүүлэх тохиолдол их байна.

– Ханиад, томууг 3-5 хоногт эмчилж болдог гэж үү?

– Эхний ээлжинд энэ өвчнөөс сайн сэргийлэх хэрэгтэй. Хүүхдээ ханиад томуу тусгахгүйн тулд дулаан хувцаслах, гэр орноо дулаан байлгах хэрэгтэй. Дараа нь хүүхдэд энгийн үеэс даруй хоёр дахин шингэн зүйл уулгах хэрэгтэй. Үүнд витаминлаг чанар ихтэй, төрөл бүрийн жимсний шүүс, аарц, сүү зэрэг орно.

Хэвийн үед өдөрт хүүхдэдээ 2-3 аяга шингэн уулгадаг байсан бол энэ үед 4-5 аяга шингэн уулгаж байх юм бол цусан дахь томуугийн вирусыг хөөж гаргаж чадна. Мөн дулаан байлгахын хэрээр хүүхэд хөлсөөрөө тэр вирусыг гадагшлуулж байгаа хэрэг.

Дээрээс нь ханиад томуу тусч, ханиалга ихэссэн үед содатай халуун усаар 5-10 минут утах хэрэгтэй. Гэхдээ давхар түлэгдэж, бэрхтэхээс болгоомжлох нь зүйтэй юм. Ханиад туссан үед хүүхдийг цэцэрлэг, сургуульд нь явуулж болохгүй. Гадуур гарч айл хэсч, гэртээ хүн цуглуулахгүй, аль болох олны хөлнөөс зайдуу, сийрэг орчинд ,хэвтрийн дэглэм барих хэрэгтэй. Учир нь хүн ихтэй газар байх юм бол хүүхдийн ханиад улам үгжирч, бусдад тараах гэмтэй.

Мөн хүүхдийн хэвтэж байгаа өрөө 18-22 градусын дулаантай байх бөгөөд эмнэлгийн хэлээр бол 2 цаг тутамд 15 минут агаар оруулж, хавтгай гадаргуу дээр байнга чийгтэй цэвэрлэгээ хийж, тоос шороо босгохгүй, хогоо шүүрдэхгүй, чийгтэй алчуураар цэвэрлэж байх хэрэгтэй. Энэ нь агаарт вирусыг дахин босгож ирэхээс сэргийлж байгаа хэрэг юм.

Түүнээс гадна хүүхдийг ханиад хүрсэн үед хамгийн чухал анхаарал зүйл нь тогтмол гарыг угаалгах. Учир нь ханиад томуу хүрсэн үед хүүхэд ханиахдаа амаа дарах, нус цэрээ арчих мэтээр байнга вирусаа гартаа авч байдаг. Ингээд мянга эдгэрч байгаа ч эргээд тоглоом хоол ундаа барьж, вирустай хүрэлцсэнээр эргэж тусаад байдаг юм.Үндсэндээ томуугийн вирусын 50 хувь агаар дуслаар, 50 хувь бохир гараар дамжаад байна.

Тийм учраас амьсгалын замын эрхтнийг сайн хамгаалдаг, бохир гарыг сайн цэвэрлэдэг  байхад энэ вирусыг амархан давж гарна.

-Ер нь томуугийн шинж тэмдэгийг яаж ялгах вэ?

– Халуураад, ханиагаад, толгой өвдөөд, нүд нуухдаад, нус гоожоод, хамар битүүрээд, хоолой ам битүүрээд ирвэл ээ өвчний шинж тэмдэг илэрч байна гэж ойлгож болно. Энэ үед хэвтэрийн дэглэм бариулах хэрэгтэй.Гадагш гарахаар нэгдүгээрт өөрөө хүндэрнэ, хоёрдугаарт бусдад тараадаг юм. Тийм ураас дээр хэлсэн зөвлөмжүүдийг хэрэгжүүлээд, эмчийн өгсөн эмийг уугаад, хэвтэрийн дэглэм 3-5 хоног барихад томуу эдгэрнэ.

Түүнээс эмнэлэгт хэвтээд өчнөөн хүүхэдтэй өрөөнд давхарлаж хэвтээд л байвал улам л хүндрээд, өвчний вирус эргэж наалдаад байна гэсэн үг.

-Түүнээс гадна цэцэрлэгийн 2 настнууд томуугаар өвчлөх тохиолдол түгээмэл байна. Зарим тохиолдолд бүтэн жилжингээ ханиаднаас салахгүй явсаар зунтай золгох ч тохиолдол байгаа. Ер нь үүнээс сэргийлэх арга зам бий юу?

– Хоёр нас хүртэлх насны хүүхдүүд хамгийн их өвчилдөг учраас улсаас энэ насны хүүхдүүдтэй эхчүүд гэртээ хар гээд байгаа юм. Энэ нь тэр хүүхдийг олны дунд оруулж, олон дахин өвчлүүлөхгүй,хүндрүүлэхгүй, амь насыг нь эрсдүүлэхгүй гэсэн бодлого юм. Гэхдээ одоо амьдрал хэцүү болчихсон учраас төрөөд хэдхэн сар болсон эхчүүд ажилдаа орох гээд л айлд хүүхдээ үлдээх, эсвэл цэцэрлэг бараадуулж байгаа.

Гэхдээ хоёр настнууд бол төрөөд ханиад томууны улиралтай дөнгөж л танилцаж яваа. Өвчний вирусыг эсэргүүцэх дархлаа бүрэн суугаагүй улсууд. Тийм учраас өвчлөх тохиолдол их байгаа юм. Хүүхдээ томуунаас сэргийлье гэвэл дээрх миний хэлсэн заавруудыг байнга чандлан сахиад, гол нь сайн дархлаажуулж, витаминжуулах хэрэгтэй юм.

–  Түүнээс гадна, сүүлийн үед бөөлжиж, суулгадаг ханиад газар авч байна. Харамсалтай нь залуу эцэг, эхчүүд томуу, тархи хөдлөх хоёрыг ялгахгүйгээс хүндрүүлэх тохиолдол их байна. Үүнийг яаж ялгах вэ?

– Томуу ханиад үүсгэдэг 200 гаруй төрлийн ханиад байдаг. Тэнд хоолой өвтгөдөг, нүд өвтгөдөг, гэдэс өвтгөдөг, аль эсвэл бүх хамаг бие нь янгинаж өвтгөдөг вирус ч байна. Хамгийн гол нь вирус болгон өөр, өөрийн гэсэн онцлогтой. Тэдгээрээс гарч байгаа хорны найрлага, хэмжээ, концентраци нь өөр, өөр. Тийм учраас тэр вирус болгон тодорхой эс, эд эрхтнийг сонгож гэмтээдэг. Энэ онцлогоос нь шалтгаалж гэдэсний ханиад, нүдний ханиад гэж манайхан нэрлээд байгаа юм.

Хамгийн гол нь эднийг ялгахын тулд ядаж өрхийн эмнэлэгтэй түрүүлээд үзүүлчихдэг байх хэрэгтэй. Тэгвэл үнэхээр тархи хөдөлж үү, томуу хүрж үү гэдгийг нь ялгаад өгнө.

-Өнгөрсөн сард Халдварт дээр томуугийн вакцин хийсэн. Гэтэл зарим цэцэрлэг томуугийн вакцин хийлгээгүй хүүхдүүдийг авахгүй гэсэн байна. Энэ вакциныг заавал хийлгэх шаардлагатай байсан юм уу?

– Улсаас энэ жил 45 мянган хүнд вакцин хийхээр авсан. Үүнээсээ 10 шахам мянган хүүхдэд вакцин хийсэн. Энэ жилийн вакциний гол онцлог нь 6 сар хүрсэн бүх хүүхдүүдэд тарьж болдог боломжийн вакцин байсан.

Тэр дундаа Улаабаанатар хотын БЗД-ийн 8 цэцэрлэгийн сонгож аваад тэнд суралцаж буй 5 мянга гаруй хүүхдийн эцэг, эх нь зөвшөөрсөн хүүхдүүдэд вакцин хийсэн. Дээр нь сайн дурын дархлаажуулалтаар хийсэн, мөн Улаанбаатар хотын асрамжийн газрын хүүхдүүдэд, сувиллын цэцэрлэгт явж байгаа хүүхдүүдэд хийсэн.

Энэ вакцины найрлаган дотор сая миний хэлсэн АH1N1, H3N2, дээрээс нь томуугийн В гэсэн гурван хэлбэрийн вирусаас хамгаалдаг нян байсан юм. Энэ хүүхдүүдэд бол вакцин тарьснаас хойш 15-30 хоногийн дотор дархлаа тогтоно. Энэ гурван вирус бол томуугийн сонгомол, манайд хамгийн их хүндрэл үзүүлдэг, бага насны хүүхдүүдийг нас баралтад хүргэдэг гол вируснууд юм.

-Вакцинжуулалтаас хоцорсон хүүхдүүд одоо нөхөж хийлгэх боломжтой юу?

-Боломжгүй. Одоо бол нэгэнт вирус эргэлтэд орчихсон үетэй давхцаж байгаа учраас одоо бол вакцин хийгээд нэмэргүй, шаардлагагүй. Харин халдвар авсан тохиолдолд түүгээрээ өвчлөөд, эмчлүүлээд өөрөөрөө дархлаагаа тогтоож авсан нь дээр. Вакцин бол 1 жилийн дархлаа тогтооно. Одоо бол бид нар нөхөж хийнэ гэсэн ойлголт байхгүй.

-Ярилцсанд баярлалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27356
0 эможи
keyboard_arrow_up