Гар утас, интернэтэд донтох эмгэг хүүхэд багачуудын дунд нэмэгджээ
Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвд 1996 онд ердөө хоёр хүүхэд л гар утас, интернетэд донтох эмгэгээр эмчлүүлж байжээ. Тэгвэл энэ онд 40 хүүхэд эмчлүүлж байна. Гэхдээ энэ бол зөвхөн эмнэлэгт хандсан хүүхдийн л тоо.
Амьд харилцаанаас тасарч, цахим хэрэглээнд донтсон хүүхдүүд эрүүл мэндээрээ хохирохоос эхлээд ямар ч хүсэл тэмүүлэл, зорилгогүй нэгэн болж нэг насны амьдралаараа ч хохирох эрсдэл өндөр байгааг эмч нар анхааруулж байна. Манайд ямар ч хяналтгүй, бас хязгааргүй хэрэглээтэй байгаа цахим орчин хүүхэд багачуудад ямар сөрөг нөлөө үзүүлж байгааг сурвалжиллаа.
Өсвөр үеийнхэн гар утас, интернэтийг зохисгүй хэрэглэж байгаа нь өвчлөлийн хурц хэлбэр рүү аажмаар шилжих боллоо гэж Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн эмч Д.Энхтуяа хэллээ.
СЭМҮТ-д эмчлүүлсэн нэг хүүхэд л гэхэд 148 цагийн хичээлээ тасалж, тэр цагаа интернэтэд өнгөрөөсөн байна. Гэхдээ энэ байдал зөвхөн өсвөр үе гэлтгүй бага насныханд ч тохиолдох эрсдэл ойрхон байгааг эмч сануулж байлаа.
Эцэг, эхчүүд хүүхдийнхээ дэргэд олон цагаар ухаалаг утсаа ашиглах нь тэдний сониуч занг хөдөлгөдөг. Ингээд л гэр бүлээрээ ухаалаг утсаа оролдож амьд харилцаанаас аажмаар холддог байна. Үүнээс болж хүүхэд нь өвчтэй, бас сэтгэл гутралтай, ганцаардмал нэгэн болж хувирдаг.
Техник, технологийн ололт амжилтыг шууд хорих тусам хүүхдийн сониуч занг хөдөлгөж, улам ихээр хорхойсдог ажээ. Таваас дээш насны хүүхдийн тархины хөгжлийн түвшин нь 7 хоногт ердөө 25 минут л интернэт болон гар утас ашиглах боломжтой байдаг юм байна. Хүүхдээ сэтгэцийн эмгэгтэй, ганцаардмал, бас хүсэл зорилгогүй нэгэн болгохгүйн тулд ухаалаг утас, интернэтийн хэрэглээнд нь хязгаар тавьж, хатуу хянах цаг хэдийнэ болсныг эмч, мэргэжилтнүүд сануулж байна.