Ю.Баянмөнх: Хамрын дусаалгыг их хэрэглэвэл мэс ажилбарт орохоос өөр сонголтгүй болдог

2015 оны 12 сарын 04

Агаар дуслын замын болон вирус, бактерийн халдвар их байгаатай холбоотойгоор хамар битүүрэх өвчлөл сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Мөн харшлын улмаас ч хамар битүүрч хүмүүс зовиураа намдаахын тулд хамрын гаа, дусаалгыг эмчийн зааваргүй хэрэглэх болжээ.

Хамар битүүрэх өвчлөл ямар сөрөг үр дагавартай хийгээд хамрын дусаалгыг хэрхэн хэрэглэх талаар “Сонгдо” эмнэлгийн чих хамар хоолойн эмч Ю.Баянмөнхтэй ярилцлаа.

-Сүүлийн үед хамрын битүүрэлийн өвчлөл нэмэгдэж байна гэж байна. Энэ нь агаарын бохирдол ч гэдэг юм уу гаднын нөлөөлөл их байгаатай холбоотой юу?
-Тоосжилт ихтэй дээр нь агаарын бохирдлоос үүдээд хамар битүүрэх нь элбэг. Мөн ахуйн нөхцөлд ч тоосжилт, ор дэрний хачиг зэргээс дасан зохицох чадвар буурч харшил үүсэж, хамар битүүрдэг. Энэ элбэг байна.

Хамар битүүрэх үндсэн хэд хэдэн шалтгаан бий. Гадаад орчны агаарын бохирдол, харшил, хамрын бүтцийн өөрчлөлтөөс хамар битүүрч болно. Гэмтлийн улмаас, хамрын таславч муруй байх, хамрын дайврын үрэвсэл, архаг гамрит зэрэг шалтгаан байдаг. Зарим хүний хамар хэдэн улирлаар битүүрч байхад, зарим нь зөвхөн зуны улиралд битүүрдэг гээд янз бүр.

Удаан хугацаагаар дусаалга хэрэглээд байвал амьсгал буруу болоод эргэшгүй өөрчлөлт орчихдог

Хамар бол гаднаас агаарыг дамжуулж хүний биед оруулж байгаа амьсгалын эрхтэн. Агаар ямар байхаас шалтгаалаад шүүх, халаах, чийглэх үүрэг хамарт байдаг. Хамрын нүх ээлжилж амьсгалдаг. Өөрөөр хэлбэл нэг тал нь хоёр цаг ажиллаад, нөгөөх нь хоёр цаг гэх мэтээр цикл хэлбэртэй гэсэн үг.

Хамрын дотор гурван самалдаг байдаг. Доод самалдаг нь гаднаас орж ирж байгаа агаарыг хамгийн их гаднаас орж ирж буй бактери, вирүс гээд нүдэнд харагдахгүй тоосыг өөртөө татаад, цэвэрлэдэг. Бид найтаах үед цуглуулсан бакерийг гаргаж байна гэсэн үг юм. Мөн хүйтэн агаарыг халааж, хуурай байвал чийглээд организмд цэвэр агаар орж ирдэг. Энэ агаараар бид амьсгалдаг. Түүнээс биш шууд бид агаараар амьсгалдаггүй. Тэгэхээр ийм чухал эрхтэн юм. Удаан хугацаанд хамар битүүрч явснаас болоод сүүлдээ үнэр, амт мэдрэхгүй болдог. Үнэрлэхүй буурвал эргэн сэргэх боломж бараг байдаггүй. Тиймээс хамрын битүүрэлтийг мэргэжлийн эмчид үзүүлж, яаралтай эмчилгээ хийлгэх хэрэгтэй.

-Удаан хугацаагаар хамар битүүрвэл ямар сөрөг үр дагавартай байдаг юм бол?
-Нэгдүгээрт хамар битүү үед амаараа амьсгалдаг учир ам хатна. Хоёрдугаарт хүн бүтэн агаар амьсгалж чадахгүйн улмаас толгой их өвдөнө. Тэгэхээр амарсан мэдрэмж төрөхгүй болж, ядаргаанд ордог. Байнга битүү байснаас болоод тайван биш, уур уцаартай болно. Хүний авч байгаа хүчилтөрөгчийн хэмжээ бүтэн биш учраас организм ядардаг. Хийн солилцоо маш их алдагддаг. Хүчилтөрөгч, сахар хоёроор тэжээгддэг эрхтэн бол тархи. Тэгэхээр хүчилтөрөгч дутаад ирэхээр толгой их өвддөг болдог гээд сөрөг үр дагавар их бий.

-Энэ өвчлөлийн үед хүмүүс тэр бүр мэргэжлийн эмчид хандахгүйгээр дур мэдэн дусаалга хэрэглэх нь элбэг байдаг. Дусаалгыг ингэж хэрэглэх нь зөв үү?
-Хамар нь битүүрэхээр эмчийн заавар, зөвлөгөөгүй дусаалга авч хэрэглэх нь маш элбэг болчихсон. Хүүхдүүд, залуучууд гэлтгүй хамрын дусаалгыг их хэрэглэж байна. Удаан хугацаагаар дусаалга хэрэглээд байвал амьсгал буруу болоод эргэшгүй өөрчлөлт ордог. Тиймээс хамар битүүрч байвал эртхэн эмчид үзүүлээд эмчилгээ хийлгэж, таслан зогсоох хэрэгтэй. Тэгэхгүй бол заавал мэс ажилбарт орох дээрээ тулчихдаг.

Дусаалгыг 4-6 хоногоос хэтрүүлэн хэрэглэж болдоггүй. Яагаад гэхээр дусаалга судас агшаах үйлчилгээтэй, олон дахин агшаагаад байхаар судас нь резин шиг сунаад дахиж өөрөө агшиж чадахаа больчихдог. Тэгэхээр хамар улам битүүрдэг болно. Хүмүүс сараас дээшээр дусаалга хэрэглэснээсээ болоод дасалтай болчихдог. Дусаалгыг эмийн сангаас жоргүй авдаг хэдий ч эмчийн заавраар авч хэрэглэх хэрэгтэй. Хамар агшиж, сунаж ажиллах цикл хэлбэрийг нь тасалдуулж битүүрснээ онгойлгох гэж дусаалга хэрэглэх нь эцэстээ сөрөг үр дагавартай. Хамар амьсгалж, амарч байдаг циклийг алдагдуулахаар хүний биеийн бодисын солилцоо алдагддаг. Үүнд хамрын дусаалга буруу нөлөө үзүүлдэг. Эмчийн зааврын дагуу тохирох дусаалгыг хэрэглэх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.

-Дусаалганд насны хязгаар байдаг уу?
-Нярай хүүхдийн хамрын дусаалга гэж бий. 1 наснаас дээш хүүхдэд хэрэглэх боломжтой. Гэхдээ судас агшаах үйлчилгээ өндөртэй учраас хүүхдэд дусаалга хэрэглэх хэрэггүй. Бага насны хүүхдүүд нүүр нь анатомын талаасаа жижиг, хамрын нүх ч мөн жижиг байдаг учраас хамар доторх бохирыг гадагшлуулах тал дээр анхаарахаас судас агшаадаг дусаалга хэрэглэхгүй байхыг эцэг эхчүүдэд зөвлөмөөр байна.

Уруулын будаг, чихэвч, нүдний болон хамрын дусаалгыг хүнтэй сольж хэрэглэж болохгүй

-Хамрын дусаалга их хэрэглэснээс болж хараа мууддаг гэж үнэн үү?
-Дусаалга хоёр янз байдаг юм. Харшлын гаралтай, судас агшаах хамар онгойлгох зориулалттай. Харшлын гаралтай, гармоны үйлчилгээтэй энэ нь хамар дотор ургасан мах байгаа тохиолдолд хэрэглэдэг. Энэ төрлийн дусаалгыг удаан хугацаагаар хэрэглэх юм бол нүдний дагуу байрладаг судсууд нарийсч хараа мууддаг. Гэхдээ удаан хугацаагаар хэрэглэсэн тохиолдолд л доо. Тэгэхээр дусаалга хэрэглэхдээ заавал эмчийн зааварчилгаагаар хэрэглэх нь зүйтэй.

-Эмчийн зааваргүйгээс гадна хүний хэрэглэж байгаа дусаалгыг хэрэглэх тохиолдол байдаг шүү дээ. Энэ талаар?
-Орчин үед маш олон төрлийн халдвар гарч байгаа учраас хүмүүстэй хольж хэрэглэж болохгүй олон зүйл байдаг болсон. Уруулын будаг, чихэвч, нүдний болон хамрын дусаалга гэх мэт. Тухайн хүнд байгаа дассан бактер нөгөө хүнд өвчлөл үүсгэх шалтгаан нь болдог. Танигдахгүй олон вирүс гарч байгаа үед аюултай.

-Хүүхдийн хамар битүүрэх үед нусыг нь сорж цэвэрлэдэг эцэг эхчүүд байдаг. Хамар битүүрсэн үед нь чухам яаж цэвэрлэх ёстой байдаг юм бол?
-Хүүхдийн хамрыг цэвэрлэхдээ аппаратын тусламжаар нусыг нь соруулж болно. Эсвэл 0.9 уусмал хамарт нь дусааж цэвэрлэж болно. Хамгийн гол нь нусыг нь нийлгэж сургах нь чухал. Түүнээс биш өөрөө сорж болохгүй. Хүүхэд ч гэсэн нэг ертөнц болохоор түүнд байгаа бактерийг аав, ээж нь авч байна гэсэн үг. Тэгэхээр хамрын үрэвсэл авах аюултай. Хүүхдийн нян, насанд хүрсэн хүний нян хоёр өөр. Хүүхдийн өвчнөөр насанд хүрсэн хүн өвдвөл илүү хүнд өвддөг учраас хамрыг сорж цэвэрлэж болохгүй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
2
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26785
4 эможи
keyboard_arrow_up