Агаарын бохирдлоос шалтгаалан жилд 300 хүн нас барж байна
Дэлхий даяар жилд 1.6 сая хүн, харин гурван сая хүн амтай манай улсад 300 хүн агаарын бохирдол, түүнээс шалтгаалсан өвчлөлөөр нас барж байна гэсэн тоо баримтыг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн оюутнууд олон нийтэд дуулгаж байна.
Агаарын бохирдлоос үүдэлтэй сөрөг нөлөөг шийдвэрлэх арга зам сэдэвт илтгэлийн уралдаан оюутнуудын дунд өнөөдөр боллоо.
Агаарын бохирдол урагт сөргөөр нөлөөлдгийг АНУ-д баталсан байдаг. Ийм бохирдол нь ургийн өсөлт хөгжилтийг удаашруулдаг гэдгийг АШУҮИС илтгэлээрээ хөндөж байлаа.
Манай улсад жилд 300 гаруй хүн агаарын бохирдол, түүнээс шалтгаалсан өвчлөлөөр нас барж байгаа нь өндөр тоо. Агаарын бохирдол хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна гээд зүгээр нэг яриад өнгөрөх бус, үүнийг шийдэх гарцыг оюутнууд хэлж байна. АШУҮИС-ийн оюутан Н.Хосцэцэг түүврийн аргаар 100 өрхөөс судалгаа авчээ. Түүхий нүүрсний хэрэглээ их байгаа нь агаарын бохирдлын гол шалтгаан болж байгааг хэллээ.
Мөн агаарын бохирдол хүний эрүүл мэндээс гадна байгаль орчныг доройтуулж, мод, ургамлын ургалтад сөргөөр нөлөөлж байгааг Ботаникийн хүрээлэн судалж тогтоосныг ХААИС-ийн оюутан өөрийн илтгэлдээ дурдсан юм. Энэ үеэр оюутнуудаас гарч байгаа шинэлэг санаачилгуудыг бодлогын түвшинд дэмжинэ гэж БОНХАЖЯ-ны ахлах мэргэжилтэн н.Доржготов ярьж байна.
Агаарын бохирдлын 80 гаруй хувь нь гэр хорооллын айл өрхийн өдөр тутам хэрэглэдэг түүхий нүүрснээс гарч байна. 10 хувь нь тээврийн хэрэгсэл, үлдэж байгаа нь дулааны цахилгааны станц, хог шороо, хөрсний бохирдлоос үүдэлтэй байдаг байна.