Л.Лагсаннамдаг: Миний охиныг амьдаар нь өмхийрүүлж аллаа

2015 оны 11 сарын 25

Нийслэлийн нэгдүгээр "Өргөө" амаржих газарт өнгөрсөн бямба гаригт буюу энэ сарын 21-нд эхийн эндэгдэл гарсан талаар өчигдөр бид мэдээлсэн. Тодруулбал, 27 настай эмэгтэй амаржих гэж очоод амиа алдсан төдийгүй хүүхэд нь бүтэлттэй төрж нас барсан харамсалтай хэрэг гарсан байна.

 

Эх сурвалж хэлэхдээ эмч нар тоохгүй, хайхрамжгүй байсаар байгаад уг бүсгүй төрөхийн хүндрэлээр, тээж байсан хүүхэдтэйгээ хамт амиа алдсан гэж мэдээлсэн. Энэхүү мэдээллийг тус эмнэлгийн зүгээс баталсан бөгөөд “Шүүх шинжилгээний хариу гараагүй байхад мэдээлэл өгөх боломжгүй. Шинжилгээний хариу 14-28 хоногийн дараа гарна. Тэгэхээр хэвлэлийнхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.” гэсэн юм.

-ЭХ ҮР ХОЁР НЭГНЭЭ ХАРАХ ЗАЯАГҮЙ БАЙЖЭЭ-

Бид юу болсон талаар талийгаач бүсгүйн аав Л.Лагсаннамдагтай ярилцсанаа хүргэж байна. Түүний хэлж буйгаар эх болон хүүхдийн цогцосыг нэгдүгээр төрөх эмнэлгийнхэн дотооддоо задлан шинжилгээнд оруулна, цогцсуудыг моргт хадгалж байгаа хэмээсэн байна. Гэвч гомдолтой байгаа ар гэрийнхэн нь үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд аваачиж задлан шинжилгээнд оруулахаар хөөцөлдөөд явж байна гэсэн юм.

-Танд эмгэнэл илэрхийлье. Яг юу болсон талаар ярихгүй юу?

-Манай охин 27 настай. Нэг компанид дизайнер хийдэг байсан. Анхны төрөлтөөрөө үрийнхээ зулайг үнэрлэж чадалгүй хорвоог орхилоо. Эх үр хоёр хоёулаа нэгнээ харах заяа байсангүй. Нэгдүгээр төрөх эмнэлгийн эмч сувилагч нарт үнэхээр их гомдолтой байна. Миний охин сургууль соёлоо дүүргээд ажил төрөлтэй болоод өөрийгөө хөгжүүлж явж байгаад энэ жил хүнтэй суугаад анхны хүүхдээ тээсэн юм. Бид ч их баярлаж, энэ намар гэр барьж охин хүргэн хоёроо тусад нь гаргасан. Ингээд жирэмсэн болсон цагаасаа эмчийн хяналтад байж байгаад өнгөрсөн гурав дахь өдөр эмч нь төрөх хугацаа болсон тул эмнэлэгт очиж хэвт гэсэн бичиг хийж өгсөн байсан. Ингээд харъяаллынхаа дагуу хэвт гэсэн нэгдүгээр төрөх эмнэлэгт очсон. Бүх бичиг баримт нь бүрэн. Гэтэл хэвтэх ор байхгүй гээд явуулчихсан байгаа юм. Ингээд маргааш нь буюу пүрэв гаригийн өглөө ирээд арайхийж нэг хэвтэх ор олдсон бололтой хэвтсэн байсан. Тэгээд тэр өдрөө өвдөлт өгсөн зүйлгүй өнжөөд тав дахийн өглөө доошоо ус гарахаар нь эмч дээр очиход “Зүгээр зүгээр. Ажиглаад байж бай” гэсэн байгаа юм. Ингээд тав дахийнхаа оройхон өвдөж эхэлсэн, тэдэн минутын зайтай өвдөж байна гээд нөхөртэйгээ мессэжээр харилцаад байсан байгаа юм. Ингээд өвдөөд болохгүй болохоор нь дахиад эмчид хэлтэл дахиад л болоогүй гээд тоогоогүй байсан. Тэгээд унтаж чадахгүй шөнөжин өвдөөд өглөө болгосон байна. Гэтэл өнөөх эмч нь хагалгаанд орчихсон гэсэн үү, орох гэж байгаа гэнэ үү байхгүй байсан гэнэ. Охин маань анхны төрөлт юм болохоороо юмаа мэдэхгүй өвдөж явсаар байгаад бүр болохоо байгаад халуурч эхэлсэн байсан. Энэ талаараа нөхөр рүүгээ мессэж бичиж, хөл гар нь бадайраад байна гэсэн байгаа юм.

-Эмнэлэг дээр нөхөр нь ганцаараа байсан юм уу?

-Бид хэд бүгдээрээ ажил төрөлтэй байсан болохоор эмнэлэг дээр манай хүргэн, бэр эгч нь байсан. Ингээд халуураад, хөл гар нь бадайраад байна гэсэн гэхээр нь бид хэд бүгд эмнэлэг дээр очсон. Ингээд төрөх болчихсон өвдөөд байгаа хүнийг яагаад төрөх орон дээр гаргахгүй байгаа юм гэхэд “Болоогүй байна, ор сулраагүй байна. Байж л байгаач” гэсэн. Тэгээд л удалгүй охин маань таталт өгөөд эхэлсэн.

-САВ НЬ ДОТРООСОО ӨМХИЙРЧИХСӨН БАЙСАН ГЭСЭН-

-Тэгээд эмч нар арга хэмжээ авч эхэлсэн үү?

-Төрөх тасаг руу буулгачихлаа гээд удаагүй байтал эмч нь гүйж ирээд ар гэрээс нь хүн байна уу гээд нэг хуудас гаргаж ирснээ “Энд гарын үсгээ зураадах, охинд чинь яаралтай хагалгаа хийхгүй бол болохоо байлаа” гэсэн. Тэгэхээр нь гарын үсэг зурж өгсөн. Дахиад гарч ирээд хүүхэд чинь бүтэлттэй гарчихлаа гээд манай хүргэнийг эм тариа олоод ир гээд байсан. Бүтэлттэй гэж бараг амьсгаагүй гарсныг сэхээнд оруулсан юм шиг байна билээ. Тэгээд “Ээжийнх нь бие бас тааруу байна, дотроосоо тэр чигээрээ өмхийрчихсөн байсан. Сав нь агшихгүй болохоор хумиад оёлоо” гэх мэт зүйлс ярьж байсан. Бид ч нарийн ширийнийг нь сайн ойлгоогүй юм. Тэгэхээр нь бид эндээс хүн оруулж сахиулъя гэхэд сахиур хэрэггүй, таван давхарт гарчихсан, одоо хоёр цагийн дараа гарах байх гэсэн. Ойр ойрхон биеийн байдал нь ямар байгаа талаар мэдээлэл өгөөд бай гэхэд эмч нь би ингээд хагалгаанд орчих байх гээд алга болсон. Биднийг дотогш оруулахгүй, хөөж туугаад хэцүү юм билээ. Эх нялхасын эмнэлэгт төрсөн эх цонхоороо гэрийнхэнтэйгээ харилцаад байдаг юм билээ. Гэтэл нэгдүгээр эмнэлэгт тийм юм байхгүй. Төрсөн эх хаана ч байгаад байгаа, яаж байгаа ч юм бүү мэд эцэст нь алаад хаячихсан байгаа байхгүй юу.

-Охин тань яг хэдэн цагт амиа алдсан бэ?

-Охин маань хагас сайны өглөө 9 цагийн үе өнгөрсөн. Гэнэт л сувилагч нь гүйж ирээд охины чинь бие муудаад байна. Зөвлөх эмч дуудчихсан. Дахиад ч хагалгаанд орж магадгүй байна гэсэн юм. Ингээд би сэтгэл санаа тавгүйхэн тамхи татаад коридорт алхаж байтал манай хүүхэд ааваа дуудаж байна гэсэн. Ингээд гүйгээд очтол сувилагч юм уу, асрагч юм уу хоёр гурван хүн цонхон дээр ирчихсэн ногоон өмд цамц барьчихсан “Нэг хоёр хүн нь ороодох доо. Хурдал хурдал” гэхээр нь санд мэнд өгсөн хувцасыг нь өмсөөд орсон. Ингээд хүргэн бид хоёрыг ортол эмч нь хагалгаа хийх гээд гараа ариутгаад зогсож байснаа охин чинь ер нь хүнд болчихжээ гэж хэлсэн. Би ороод охиноо тэврээд уйлахад аль хэдийнэ хөхөрчихсөн байсан даа. Тэрний маргааш нь буюу бүтэн сайны 11:40 минутын үед хүүхэд нь өнгөрсөн.

-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд задлан шинжилгээнд оруулсан уу?

-Ах нь аргаа барчихаад явж байна. Ламд үзүүлсэн чинь маргааш (өнөөдөр) гаргах сайн өдөр нь байна гэсэн. Гэтэл Шүүх шинжилгээнд цогцсыг нь шинжлүүлээгүй байдаг. Өнөөдөр оройноос өмнө шинжилгээнд оруулах санаатай хөөцөлдөж байна. Бид одоо яах вэ, хашаа хандах вэ гэхэд нэгдүгээр эмнэлгийнхэн манайх дотооддоо задлан шинжилгээ хийнэ, санаа зоволтгүй гээд байгаа. Хүүхдүүдийн маань цогцос хаана байна гэхэд манай морг ойрхон, тэнд байгаа гээд байна. Цагдаа сэргийлэхэд мэдэгдэх үү гэхэд хэрэггүй, задлан шинжилгээний хариу нь 45 хоногийн дараа гардаг юм гэж хэлсэн.

-Цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй байгаа юм уу?

-Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст өглөө гомдол гаргачихаад явж байна. Эндээс байцаагч гараад эмнэлэг дээр ажиллаж байгаа юм байна.

-НЭГДҮГЭЭР ТӨРӨХ ЭМНЭЛГИЙНХЭН ХҮЛЦЭЛ ӨЧЬЕ ГЭСЭН-

-Амиа алдсан шалтгааныг нь эмч нар юунаас болсон гэж тайлбарласан бэ?

-Ураг нь дотроо бүтчихсэн, доторхи бүх зүйл нь ногоорсон байснаас болоод амиа алдсан гээд байгаа. Урьд нь зүгээр байсан хүүхэд. Нэгдүгээр төрөх эмнэлэгт ирээд л 24 цагийн дотор өвдөөд байхад тоохгүй байсаар ногооруулчихсан байгаа байхгүй юу. Тэр эмнэлгийн баасан гаригийн өдөр, оройн ээлжийн эмч, сувилагчид. Өмнө нь сав нь ногоорчихсон байсан юм бол юу гэж тэр хүүхэд арван сар хэвлийдээ тээгдээд явж байх вэ дээ. Нэг минутын зайтай өвдөж байна гэж нөхөр рүүгээ мессэж бичсэн байсан. Тэгэхээр бүр арга ядсан байгаа биз. Дотор усыг нь хагалаад гоожуулчихсан бол хүүхэд нь зүв зүгээр л гараад ирэх байсан. Хүүхэд нь төрөх гэж тэмүүлээд байхад саван доторхи ус нь хагарахгүй байсаар байгаад бүтээгээд алчихсан гэж бид үзэж байна. Гэтэл тэр чигээрээ усан дотроо ногоорчихсон байсан гэж байгаа. Мөн хүүхдийг нь хоёр уушгиндаа хатгаатай байсан учир амьсгалахгүй байна гэсэн. Үнэн ч юм уу, худлаа ч юм уу. Тиймээс л бид үнэн мөнийг мэдэхийн тулд хүүхдүүдийнхээ цогцсыг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд задлан шинжилгээнд оруулмаар байгаа юм.

-Үр хүүхдүүдээ ингэж алдсан хүмүүс мэдээж эмнэлгийнхэнд гомдолтой байгаа шүү дээ. Тус эмнэлгийнхэн энэ байдалд яаж хандаж байна бэ?

-Бид хийж чадах бүх арга хэмжээгээ авсан ч танай хүүхдүүдийг аварч чадсангүй, хүлцэл өчье гэсэн. Бид бүхэн маш их гомдолтой байна. Нэгдүгээрт, төрөх хугацаа нь болчихсон хүүхдийг тоохгүй, цаг хугацаа алдсанаас миний охины сав ногоорсон. Хоёрдугаарт, төлбөр, хахууль авсан улсуудаа урдуур хойгуур оруулсаар байж миний охиныг үхэлд хүргэлээ гэж хардаж байна. Миний охиныг амьдаар нь өмхийрүүлж аллаа шүү дээ.

-Цаашид та бүхэн яах бодолтой байна вэ?

-Бид Шүүх шинжилгээнд задланд оруулаад дүгнэлт гарахаар цаашид хөлөө хүрэх газраа хүртэл явж заргалдана. Нөхөр нь их өрөвдөлтэй байна. Хань, үр хоёроо алдсан хүн ямар байх нь ойлгомжтой биз дээ. Талийгаач манай охидын хамгийн том нь. Дээрээ нэг ахтай юм.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
26588
1 эможи
keyboard_arrow_up