Зүүд байсан ч болоосой

2015 оны 10 сарын 27

Сингапур улсад сурдаг 21 настай Б.Хасар аравдугаар сарын 3-нд автомашины осолд орж, тархиндаа хүнд гэмтэл авчээ. Тэрээр одоо дөрөв дэх хагалгаандаа ороод буй бөгөөд эмчилгээний төлбөрийн үлдэгдэл нь 98 орчим сая төгрөг болоод байгаа аж. Цаашид хэд хэдэн шинжилгээ өгөхөөс гадна, эмчилгээний зардал эцсийн байдлаар хэдэн төгрөг болох нь тодорхойгүй байгаа аж.

Гэр бүл, найз нөхөд нь нийлж эмчилгээний зардлыг цуглуулж байгаа хэдий элэг нэгт ахан дүүсээсээ тусламж гуйхаас өөр аргагүйд хүрсэн байна.

Найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй, элэгсэг зантай залуу айлын ганц хүү. Сургалтынхаа төлбөрийг олохоор ажил гололгүй хийдэг, хичээлдээ ч сайн түүнд туслахаар найзууд нь нэгдэж, эмчилгээний зардлыг цуглуулахаар “Дусал сэтгэл” аяныг эхлүүлжээ.

Сайхан сэтгэлт Монголчуудын сэтгэлийн өглөг буянаар хөл дээрээ боссон олон хүн бий. Үүний нэгэн адилаар дусал сэтгэл нийлж 21 настай залууг хөл дээр нь босгох хүч бий гэдэгт найзууд нь итгэн хандивын аян, хэд хэдэн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа аж.

Тэд найзынхаа тухай бодит түүхийг бичсэн захидлаа бидэнд илгээж, олон хүнд хүргэхийг хүссэн юм. Ингээд Б.Хасарын тухай, түүнд тохиолдсон золгүй явдлын талаар найзуудынх нь бичсэн түүхийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Шөнө дунд Буянаагийн утас дуугарлаа. Нэгэн танихгүй залуу зүүд гэмээр хачин юм ярьж эхлэв.

Өглөөний шаргал нарны хурц гялбаа цонхоор нэвтрэн хуучин модон орны хөлөнд тусна. Өглөө болжээ. Сэрүүлэг нөгөө л янзаараа 06.30-д хангинан дуугарч өглөөний нам жимийг эвдэв.

Өчигдөр орой рестораны цагийн ажилдаа ядарсныг ч хэлэх үү нойрмоглосоор нуухаа арчин босохдоо Хасар орой Перанакан музей рүү хөтчөөр явах ажилтайгаа санан шүүгээгээ ухаж эхлэв.

Хуучин бор цүнхэндээ хөтчийн хувцсаа хийх зуур шүүгээний буланд хэвтэх улаан ороолт нүдэнд нь туслаа. Тэрхэн мөчид хайр шингэсэн харцаараа дулаахан инээмсэглэн намар зүүж яваарай гэж өгч байсан ээжийнх нь дүр  санаанд оров. Хэдий өчигдөр орой ярих гээд тохирсон ч ажлаас нь гэнэт дуудсан тул гэрээсээ хам хум гарч явснаа санаж, өнөөдөр ахиад л амжихгүй нь дээ гэж бодон харамсав. Гэвч өчигдөр нилээн хичээж бүх бие даалтуудаа дуусган, ресторандаа ажиллаад гайгүй цайны мөнгөтэй болсноо бодохоор сэтгэл нь сэргэж ахин нэг завгүй өдрийг эхлүүллээ.

Хичээлийн сүүлийн паар дээр явц дундын шалгалт авснаас өөрөөр бүх зүйл хэвийн өнгөрлөө. Харин сургуулиасаа гарах замдаа тохирсон ёсоор Профессор Клерагигийн өрөөгөөр дайрч түүний судалгаанд нь туслах цагийн хувиараа өөрчлөх тухай ярилцав. Учир нь Хасар өвлийн амралтаар гэртээ харихыг хамгаас илүү хүсч байв. Хөтчийн ажилдаа явахад хоёр цаг үлджээ. Энэ хооронд Монголоос хамт ирсэн найзтайгаа сургуулийн кампын дэргэдэх кофе шопд уулзан түрүү долоо хоногт зээлсэн 50 доллараа төлчихөөд орой тайлбарлах музейн тухай мэдээллээ ахин нэг сэргээн уншиж хэсэг суугаад  яг 5.00 цаг болоход жуулчидтайгаа уулзахаар зочид буудал руу нь яаравчлав.

.........

Оройн 10 цаг, гадаа хэдийнээ харанхуй болж гудамжинд хүмүүс татарч, цөөн явах нэг нь халамцуу эсвэл гэрлүүгээ яарсан харагдана. Хасар маань ч адил ажлаа дуусгасан тул ээжтэйгээ ярина гэхээс яаран алхалсаар нэг л мэдэхэд гэрийнхээ ойролцоо ирсэн байлаа.

.........

Гэнэт шуугин ирэх машины дуу хадаж, мөргөлдөх чимээ сонсогдов. Маш их өвдөлт... Цав цагаан гэрэл... Хамгийн сүүлд ээжтэйгээ ярихдаа өвлийн амралтаараа гэртээ очихоор болсноо хэлж амжаагүй нь санаанд оров... Ээж нь духан дээр нь үнсээд миний хүү цайгаа уугаарай гэх шиг болж сэрээд хартал гэртээ ирчихсэн, ээжийнх нь чанадаг банштай цайны сайхан үнэр хамар цоргиулав. Энэ үнэрийг, ээжийгээ ямар их санаа вэ гэж бодох зуур эргэн тойрны зүйлс аниргүй цагаанд замхарлаа....

....БИ ЭЭЖДЭЭ Л ОЧМООР БАЙНА...

Шөнө дунд Хасарын ээж Буянаагийн утас дуугарлаа. Нэгэн танихгүй залуу зүүд гэмээр хачин юм ярьж эхлэв. Буянаа чихэндээ ч итгэсэнгүй, түүний ганц хүүг машинд мөргүүлсэн, одоо эмнэлэгт хагалгаанд орж байна гэлээ... Зүүд байсан ч болоосой...

Уншигч та Б.Хасарт туслахыг хүсвэл дараах дансанд мөнгөн тусламж илгээх боломжтой.

  • Хаан банк: 5045314599 /MNT/, 5133034329 /USD/
  • Голомт банк: 2105015851 /MNT/
  • Данс эзэмшигчийн нэр: Б.Буяндэлгэр /Ээж/
  • Холбоо барих: 94090925, 99958280, 99955379

Мөн найзуудынх нь өрнүүлж буй “Дусал сэтгэл” аяны талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26002
0 эможи
keyboard_arrow_up