Хүүхдийн ханиад хүндэрдэг шалтгааны 70 хувь нь гэр бүлээс үүдэлтэй
Өдөртөө хасах хэм рүү орж хүйтрээгүй байхад өрхийн болон нэгдсэн эмнэлгүүд ханиадтай хүүхдүүдээр дүүрчээ.
Халуурсан, бөөлжсөн, гүйлгэсэн гэсэн шинж тэмдэгтэйгээр эмнэлгийн тусламж авахаар дараалан байна.
Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасаг нийслэлд байгаа эмнэлгүүдээс хамгийн их ачаалалтай нь аж. Тус эмнэлгийн хэвтэн эмчлүүлэх тасаг нийт 125 ортой бөгөөд ойролцоогоор ачаалал хэтэрч 160 орчим хүүхэд эмчлүүлж байна. Хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 80 орчим хувь нь 1-4 насныхан байгаа аж.
Мөн өдөртөө хүлээн авах тасгаар дээрх шинж тэмдэг бүхий 30-45 хүүхэд ирдэг болохыг тус эмнэлгийн тархвар судлаач Б.Оюунчимэг хэлэв.
200 ОРТОЙ ЭМНЭЛГЭЭ ДУЛААНЫ УЛИРАЛД ЯАХ ВЭ
Жил бүрийн есдүгээр сараас эхлэн дараа оны гуравдугаар сар хүртэл эцэг эхчүүдийн хамгийн их сэтгэлийг зовоодог асуудал бол яах аргагүй ханиад, томуу.
Эмнэлгийн коридороор гудас дэвсэн хэвтэж, жилдээ хэд хэдэн удаа хатгалгаа тусах хүүхдүүдийн асуудал жил бүр сөхөгддөг ч өнөөдрийг хүртэл ямар нэг шийдэлд хүрсэнгүй. Асуудал бүрд хариулт, гарц бий. Тэгвэл энэ асуудлын гарц эцэг, эхчүүд бидэнд бий.
Яагаад гэж та гайхаж байж магад. Эрүүл аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндийн үйлчилгээ авах эрх маань зөрчигдчихөөд байхад иргэдэд бурууг үүрүүлэх гэж байна ч гэж та бодож болох юм.
Хүүхдийн эмнэлгийн тоог нэмье, ор дэрийг сайжруулъя гэж жил бүр л ярьдаг. Гэтэл ханиад томууны улирал ид ачаалалтай үед л хэрэг болоод үлдсэн үед нь үргүй зардал болоод байвал яах билээ. 200 ортой эмнэлгийн цахилгаан, халаалт, ус, эмч, сувилагч, ажилчдын цалин хөлснөөс эхлээд зардал мөнгө урсаж гарна.
Жишээлбэл шинээр 200 ортой хүүхдийн эмнэлэг барилаа гэж бодъё. Есдүгээр сараас их удлаа гэхэд гуравдугаар сар хүртэл эмнэлэг үүргээ биелүүлнэ. Харин үлдсэн зургаан сард 200 ортой эмнэлэг хүнгүй, ажилчид нь хийх ажилгүй цалин авна. Эсвэл “За хүнгүй болчихсон юм чинь зургаан сар амар” гээд гэрт нь буцаах уу? Тиймээс шинээр эмнэлэг барихаас илүүтэй бид хэрхэн үр хүүхдээ ханиад томуу тусгалгүй, эмнэлэгт хэвтүүлэхгүй байх вэ гэдэгт анхаарах хэрэгтэй.
ТОМЧУУД ХАНИАД ХҮРВЭЛ АМНЫ ХААЛТ ЗҮҮЖ, ЭМЧЛЭХ АРГА ХЭМЖЭЭ ХУРДАН АВАХГҮЙ ХҮҮХДҮҮДЭД ХАЛДААЖ БАЙНА
“Томуу томуу төст өвчин 200 гаруй төрлийн вирүсээр үүсдэг. Тиймээс дур мэдэн эм хэрэглэхгүй байх, эмчийн зааврын дагуу эмчилгээ хийх хэрэгтэй. Шинж тэмдгийн эмчилгээг гэрээр хийх боломжтой өвчин гэж үздэг. Гэтэл эмчилгээг цагт нь зааврын дагуу хийгээгүйгээс болж хүндрэл үүсч байна. Дур мэдэн эм уулгаснаас ихэнх тохиолдолд хүндэрдэг. Дээр нь хамгийн хөнгөн хэлбэрийн эмнээс эхлэх хэрэгтэй. Хүчтэй антибиотик дархлаа бууруулдаг гэдгийг сануулахад илүүдэхгүй байх.
Тухайн гэр бүлийн томчууд буюу эцэг эхчүүд ханиад хүрч улмаар хүүхдэд халдаах тохиолдол их бий. Томуу, томуу төст өвчний вирүст хүн бүр мэдрэг байдаг учраас нэг хүн л өвдвөл бусад нь өвдөх магадлал өндөр. Дээр нь агаар дуслын замаар халддаг. Бага насны хүүхдийн ариун цэвэр сайн сахих, эрүүл хоол хүнс, амин дэмээр дэмжих шаардлагатай. Эцэг, эх томчууд ханиад хүрвэл амны хаалт зүүхээс эхлээд хүүхдэдээ ханиад халдаахгүй байхад анхаарах хэрэгтэй” гэдгийг Б.Оюунчимэг эмч хэллээ.
Баянзүрх дүүргийн 5-р хорооны “Хасагт-Эрдэнэ” өрхийн эрүүл мэндийн төвд тус хороонд амьдардаг 0-5 насны 3893 хүүхэд харьяалагдаж, эрүүл мэндийн тусламж авдаг байна. Тус төв 9 эмч, 8 сувилагчтай хэдий ч өдөртөө нэг эмч 30-40 хүн үзэж байгаагийн дийлэнх нь энэ насныхан байгаа аж.
Өрхийн эмч нар хөнгөн хэлбэрийн ханиадад тохирох эм бичиж өгдөг бөгөөд хамгийн гол нь эмийг зааврын дагуу тогтсон цагт нь уулгаж хэвших хэрэгтэй гэдгийг анхааруулж байлаа.
Бага насны хүүхэд ханиад, томуу тусах магадлал 70 хувь гэр бүлээс, 20 хувь нь нийгмээс нөлөөлөлтэй бол 10 хувь нь эмнэлгээс шалтгаалдаг аж. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ дархлааг дэмжихээс эхлээд ханиад хүрсний дараах арчилгааг сайтар хийх хэрэгтэй юм.
БӨӨЛЖИХ, ГҮЙЛГЭХ ШИНЖ ТЭМДЭГ ШИНЭ ТӨРЛИЙНХ БИШ
Сүүлийн үед бөөлжиж, гүйлгэдэг ханиад шинээр илэрч, энэ төрлийн ханиадад ямар эм, эмнэлэг сайн байна гэсэн асуултууд цахим орчинд ээжүүдийн группээр дүүрэн байна.
Тэгвэл энэ талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч Ч.Уртнасан дараах тайлбарыг өгч байна.
“Ханиад томуу халуурах, ханиах, толгой өвдөх, найтаах, хоолой өвдөх, нус гоожих зэрэг ерөнхий шинж тэмдгээр илэрдэг. Дээрээс нь гүйлгэх, бөөлжих шинж тэмдэг илэрч болно. Хоолны шингэц муутай бол бөөлжиж, гэдэс нь хямрамтгай бол чацага алдаж болно. Энэ бол шинэ, аюултай, энэ жил гарч байгаа шинж тэмдэг биш. Шинэ төрлийн вирүс үүсээгүй. Амьсгалын замын 200 гаруй вирүс байдаг тэдний нэг” гэлээ.
Хүндрээгүй ханиад, томуу зөв эмчилгээ, асаргаа хийсэн тохиолдолд 3-5 хоногт эдгэдэг байна. Эрүүл, дархлаатай хүүхдийг зөв дулаан байлгаж, шингэн ахиухан уулгах юм бол эм уулгүйгээр эдгэх боломжтой байдаг аж. Тиймээс аль болох эмнэлэгт хэвтүүлэхгүй 80-90 хувийг гэртээ эмчлэх хэрэгтэй гэдгийг тэрээр хэлсэн юм.
Мөн эцэг, эхчүүд халууны эмийг хэрэглэхгүй байх хэрэгтэй аж. Халуурч байна гэдэг гаднаас орсон вирүсийг хүүхдийн бие организм эсэргүүцэж байна гэсэн үг. Тиймээс 39 хэмээс дээш халуурах юм бол эмнэлэгт хандах шаардлагатай, түүнээс доош бол халуун бууруулах эмийг яаран хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.
ХҮҮХДИЙН ХАНИАД ХҮНДЭРДЭГ ШАЛТГААНЫ 70ХУВЬ НЬ ГЭР БҮЛЭЭС ҮҮДЭЛТЭЙ
Хатуу боловч үнэн үг бол энэ. Гадуур дүүрэн ханиад байхад хүүхдээ хичнээн тордоод ч ханиад хүрчихээд байна гэж та эгдүүцэж магадгүй.
Тэгвэл та хүүхдээ чийрэгжүүлэх, дархлааг дэмжихийн тулд юу хийсэн бэ?
Хавар дулаа оронгуут л чийрэгжүүлэлтийг хийж эхлэх ёстой гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Гэтэл эцэг, эхчүүд намар хүйт оронгуут л энэ тухай бодож эхэлдэг. Бүр урагш нь гүйлгээд харвал хүүхдийг хоёр нас хүртэл нь хөхүүлэх зэрэг энгийн арчилгааг хийх ёстой байдаг аж.
Түүнээс гадна товлолын вакцинуудаар заавал тариулах. А амин дэмийг зургаан сар тутам, Д аминдэмийг сар бүр уулгах ёстой. Гэтэл үүнийг төдийлэн ач холбогдол өгдөггүй, үл тоомсорлодгоос үүдэж хүүхдийн дархлаа сулардаг байна. Ингээд ханиад хүрмэгц дур мэдэн эм өгч, эмчилгээ бичүүлж авсан ч зааврын дагуу цаг хугацаанд нь хийдэггүй гээд эцэг эхчүүдийн гаргадаг алдаа их.
“Эртнээс хийж эхлэх арчилгаа, сувилгааг тоолгүй орхисноор өнөөдөр эмнэлэг рүү хүүхдээ тэврээд гүйж байна. Эмнэлэгт үзүүлэх гэж дугаарлаж байхдаа өөр төрлийн вирүсийн халдвар авдаг. Ингээд эмнэлэгт хэвтэхээс өөр аргагүй болдог. Хэвтэж эмчлүүлэхээр олон хүүхэд зэрэг хэвтээд хоёр хүний өрөөнд сахиуртайгаа дөрвүүлээ болчихдог. Хүүхэд амьсгалах агааргүй болдог учраас олон хоног хэвтэх шаардлагатай болно. Тэгэхээр хүүхдийг аль болох гэртээ эмчийн зааврын дагуу эмчлэх хэрэгтэй.
Малын өвс тэжээл бэлдэхээс эхлээд намар өвлийн бэлтгэл ажлыг улс орон даяар хангаж эхэлдэг. Гэтэл эцэг, эхчүүд өвөл болох нь гэж бэлтгэл хийдэг болов уу. Үүнийг хийхгүйгээс болоод л хүүхэд өвчлөх үндэс болдог. Олон жил эмнэлгийн байгууллагууд ярьж хэлдэг ч эцэг, эхчүүд хариуцлагаа ухамсарлахгүй байна” гэдгийг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч Ч.Уртнасан хэлсэн юм.
Хүүхдийг багаас нь дархлааг нь дэмжиж, чийрэгжүүлвэл нэгэнт ханиад хүрсэн ч хөнгөн тусна. Ханиад хүрсний дараа асаргаа сувилгаа сайн бол хүндрэх аюул хол байна. Ингээд бодохоор хүүхдээ ханиад хүргэж, хүндрүүлж эмнэлгийн ор бараадахгүй байхад эцэг эх таны үүрэг хамгийн чухал. Дахин сануулъя, хүүхэд ханиад хүрч, хүндэрч байгаа шалтгааны 70 хувь нь гэр бүлээс хамаардаг.