Дэлхийн гар угаах өдөр маргааш тохиож байна

2015 оны 10 сарын 14

    НҮБ-ын Ерөнхий Ассемблей 2008 онд жил бүрийн аравдугаар сарын 15-ны өдрийг “Дэлхийн гар угаах өдөр” хэмээн тунхагласан билээ.

Жил бүр уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх нь дэлхийн сая сая хүмүүсийг гараа савандаж угаахыг уриалсан томоохон компанит ажил болдог бөгөөд гараа савандаж угаах нь нийт хүн ам ялангуяа бага насны хүүхдүүдийг амь насанд аюултай өвчин буюу суулгалт, амьсгалын замын цочмог халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх энгийн боловч чухал арга хэмжээ юм.

Энэ өдрийн гол зорилго нь гараа савандаж угаах нь өвчнөөс сэргийлэх хамгийн энгийн, хүн бүрийн хийж чадах хялбар арга гэдгийг ойлгуулахад чиглэдэг.

Хүний өтгөн суулгалт үүсгэдэг эмгэг төрөгчдийн гол эх уурхай болдог байна. Эдгээр эмгэг төрөгчдөд цусан суулга, балнад, холер болон бусад ходоод гэдэсний зонхилон тохиолддог халдваруудын үүсгэгч хамаарна. Хүний нэг грамм өтгөн 10 сая вирус, нэг сая нян агуулах боломжтой  байдаг байна.

Уушигны хатгаа, суулгалт халдвар нь тав хүртэлх насны хүүхдүүдийн нас баралтад голлох шалтгаан болдог. Дэлхий дээр жил бүр таваас доош насны 3,5 сая гаруй хүүхэд суулгалт халдвар болон уушигны хатгаатай хамааралтай өвчнөөр нас бардаг ба хоёр хүртлэх насны хүүхдүүдийн дунд нас баралтын эзлэх хувь өндөр (суулгалт 72%, уушигны хатгаа 81%) байна гэсэн тооцоолол гаргасан байна. (Walket et al. 2013)

НҮБ-ын Хүүхдийн сангийн тооцоолсоноор 30 секунд тутамд нэг хүүхэд суулгалт халдвараар нас бардаг байна.

Гараа зөв угаах нь суулгалт халдвар, амьсгалын замын цочмог халдвар, арьс үрэвсэлт өвчин болон нүдний зарим халдварууд зэрэг олон төрлийн эмгэг төрөгчдийн халдвар дамжихаас урьдчилан сэргийлдэг ба энэхүү энгийн, хялбар арга нь таваас доош насны хүүхдүүдийн дундах суулгалт халдварын түвшинг 30-50 хувиар, амьсгалын замын халдварыг ойролцоогоор 21-45 хувиар тус тус бууруулдаг гэсэн судалгааны үр дүн байна.

Гараа сайтар савандаж угааснаар суулгалт халдвараар өвдөх эрсдэлтэй гурван хүүхэд тутмын нэгийг, амьсгалын замын халдвар буюу хатгаа өвчнөөр өвдөх эрсдэлтэй зургаан хүүхэд тутмын нэгийг тус тус урьдчилан сэргийлж чаддаг байна.

Хүнээс хүнд болон шууд хавьтлын замаар халдварладаг Эбола болон бусад халдваруудаас өөрийгөө болон бусад хүмүүсийг  урьдчилан сэргийлэх гол арга  бол “гараа савандаж угаах” явдал юм.

Эбола бүртгэгдэж буй улс орнуудад ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнууд нь нийт хүн ам ялангуяа эрсдэлт бүлгийн хүмүүст “гараа хэрхэн зөв угаах талаарх мэдээллийг тогтмол өгч, сургалт, суртачилгаа хийж, зөв дадал хэвшилд суралцахыг зөвлөж, уриалж байна. 

Иймд аливаа халдварт өвчнөөс сэргийлэх хамгийн энгийн арга нь хувь хүний гарын ариун цэврийг сайтар сахих явдал бөгөөд эцэг эх, сурган хүмүүжүүлэгч, эмч эмнэлгийн ажилтнууд нийт иргэд ялангуяа хүүхэд, багачуудыг багаас нь гараа угаах зөв дадал, хэвшилд зааж сурган, үлгэр дууриал үзүүлэх нь хамгийн чухал арга хэмжээ юм

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25757
0 эможи
keyboard_arrow_up