Хепатитын С вирүсийн шинжилгээг хийх батламж олголоо
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс хепатитийн С вирүст халдварыг илрүүлэх, эмчилгээний явцад хийх шаардлагатай шинжилгээг хийх чадавхи бүхий лабораторийн талаарх мэдээллийг олон нийтэд хүргэнэ гэдгийг урьд нь хэлж байсан.
Түүний дагуу Хепатитын С вирүсийн нуклейн хүчлийн хэмжээг тодорхойлох шинжилгээний чанарын үнэлгээг ХӨСҮТ-ийн Нэгдсэн лабораторийн албанаас зохион байгуулав.
ХӨСҮТ-ийн Нэгдсэн лабораторийн алба нь эмнэлгийн лабораторийн чанар ур чадварт тавигдах шаардлага MNS ISO 15189:2008 стандартаар магадлан итгэмжлэгдсэн Үндэсний Лавлагаа Лаборатори юм.
Энэ удаагийн үнэлгээний ажлын хамтран зохион байгуулагч байгууллагаар Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төв ажилласан байна.
Хепатитын С вирүсийн нуклейн хүчлийн хэмжээг тодорхойлох шинжилгээний чанарын гадаад үнэлгээнд нийт 18 эмнэлгийн лаборатори саналаа ирүүлж үнэлгээ хийлгэснээс одоогоор 10 нь энэхүү шинжилгээг хийх боломжтой гэж үнэлэгдсэн байна. Үүнд:
Грандмед эмнэлэг, Интермел эмнэлэг, Гялс анагаах ухааны төв, Хаппи веритас лаборатори, Сонгодо эмнэлэг, Элэгний төвийн лаборатори, Мед-аналитик лаборатори, Онкоген лаборатори, Стандлаб лаборатори, Итгэл эрүүл мэндийн төвийн лаборатори шалгарчээ.
.
Эдгээр эмнэлэг болон лабораториудад Хепатит С вирүсийн нуклейн хүчлийн хэмжээг тодорхойлох шинжилгээг хийх батламжийг өнөөдөр ХӨСҮТ-ийн ерөнхий захиралын тушаалаар гардуулан олголоо.