Нийслэлд эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олголоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай” А/641 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар хавсралтад дурдсан найман хуулийн этгээдэд эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олголоо.
Эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээг Монгол Улсын хууль, стандартад нийцүүлэн чанар хүртээмжтэй явуулах, эмч, мэргэжилтнүүдийн чадавхийг сайжруулах, зөвшөөрөгдсөн үйл ажиллагааны чиглэлээр ажиллуулахыг үүсгэн байгуулагч нарт даалгав. Шинээр байгуулагдсан эрүүл мэндийн байгууллагуудад холбогдох хууль тогтоомжийн дагуу эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгох эмнэлэг, сувиллын талаар харьяа татварын байгууллагад мэдэгдэж, цахим хуудсанд мэдээллийг байршуулахыг нийслэлийн Эрүүл мэндийн газар, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт тус тус үүрэг болголоо.
Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд даалгав гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.