Ээж Та хүүхдээ 6 сар хүртэл хоёр цагийн цалинтай чөлөө авах эрхтэй

2015 оны 8 сарын 03

-Хүүхдийг эхийн сүүгээр хооллох үзүүлэлтүүд жил ирэх тусам буурсаар байна-

“Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн долоо хоног”-ийг дэлхийн 170 гаруй орон тэмдэглэдэг бөгөөд манай улс 1992 оноос эхлэн үндэсний түвшинд зохион байгуулж байгаа аж.

Энэ жил ажил олгогчдын зүгээс ажил хөдөлмөр эрхэлдэг хөхүүл хүүхэдтэй эхчүүдэд бүх талын дэмжлэг үзүүлэхийг уриалж байгаа юм байна.

Манай улсын хувьд хүүхдийг эхийн сүүгээр хооллох үзүүлэлтүүд жил ирэх тусам буурсаар байгаа аж. Тухайлбал, 2010 онд нийт нялхсын 66 хувь нь төрснөөс хойш эхний 6 сарын турш зөвхөн эхийн сүүгээр дагнан хооллож байсан бол 2013 онд уг үзүүлэлт 47 хувь хүртэл буурсан байна.

Энэхүү бууралт нь олон шалтгаантай бөгөөд гэр бүл болон байгууллагын зүгээс үзүүлэх дэмжлэг сул, эхийн сүү орлуулагч сүүн тэжээлийн импорт, сурталчилгаа нэмэгдсэн, ядуурлын түвшин буурахгүй байгаа зэрэг нь эхчүүд хүүхдээ төрүүлсний дараа богино хугацаанд ажилдаа эргэн ороход хүргэж байна.

Монгол Улсын Хөдөлмөрийн хууль, Нийгмийн даатгалын хуулиар 6 сар хүртэлх насны эсвэл нэг хүртэлх насны ихэр хүүхэдтэй ажил эрхэлж буй эхчүүд болон ганц бие эцэг хүүхдээ хооллох, асрахад зориулан 2 цагийн цалинтай чөлөө авах эрхтэй бөгөөд үүнийг ажилласан цагт оруулан тооцох ёстой байдаг. Хуулийн эдгээр заалтыг ажил олгогч нар төдийгүй эхчүүд өөрсдөө ч сайн мэддэггүйгээс хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй байна.

Иймд “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн долоо хоног”-ийг тохиолдуулан Эрүүл мэнд спортын яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэл болон НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн зөн Монгол зэрэг байгууллагууд хамтран ажил олгогч нарт хандан хөхүүл хүүхэдтэй эхчүүдийг дэмжих, тэдэнд ээлтэй ажлын байрыг бий болгохыг уриалж байна.

Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих, эхэд ээлтэй ажлын байр бий болгоход ажил олгогчдын зүгээс дараах үүргийг хүлээнэ. Үүнд:

·         Эхчүүдэд жирэмсний болон амаржсаны 4 сарын цалинтай чөлөө олгох

·         Ажил эрхэлж буй 6 сар хүртэлх сартай хүүхэдтэй эхчүүдэд өдөр бүр 2 цаг, 6 сартайгаас 2 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдэд 1-ээс доошгүй цагийн цалинтай чөлөө олгож, хүүхдээ хөхүүлэх боломжоор хангах

·         Амаржсан эхчүүдийн ажлын байрыг баталгаатай хадгалах, чөлөөний хугацаа дуусмагц ажилд нь эргүүлэн авах

·         Ажлын байрандаа эхчүүд хүүхдээ хөхүүлэх, хөхөө саах, саасан сүүгээ хадгалах эрүүл ахуйн шаардлага хангасан аюулгүй, тохилог орчин буюу “тусгай өрөө” байгуулах

·         Ажилчдын хүүхдэд зориулсан ясли, цэцэрлэг бий болгоход анхаарч ажиллах зэрэг болно.

Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Хоол судлалын төв

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24052
0 эможи
keyboard_arrow_up