2030 онд элэгний С вирусээс ангижирна
Монгол Улсад вируст хепатитын халдвартай 700 мянга гаруй хүн бий. Гэхдээ энэ нь албан ёсны тоо биш юм. Үүний 450 мянга нь элэгний С вирустай гэж үздэг. Гурван сая хүн амтай Монгол Улсын хувьд энэ нь санаа зовинохуйц тоо гэдгийг олон улсын мэргэжилтнүүд онцолж байна.
Тиймдээ ч “Харвони” гэх элэгний С вирусын эсрэг эмийг аравдугаар сард Монголд албан ёсоор оруулж ирэх тухай асуудал олон нийтийн анхаарал тавьж буй сэдэв яах аргагүй мөн. Энэ эм дэлхийн зах зээл дээр 94 мянган ам.долларын үнэтэй байдаг. Гэхдээ Монголд “Хүртээмж” хөтөлбөрийн хүрээнд эмийн үнийг 98 хувиар хөнгөлөн, 1200 ам.доллараар худалдаалахаар болсон юм. Дунджаар бодоход хоёр сая гаруй төгрөгийн үнэтэйгээр Монголд худалдаалагдана гэсэн үг. Уг эмийг ирэх аравдугаар сарын дундуур Монголд оруулж ирэхээр бэлтгэж байна. Харин эхний ээлжинд уг эмийг яаралтай хэрэглэх иргэдийн бүртгэлийг энэ өдрүүдэд үргэлжлүүлж байна.
Саяхнаас “Харвони эмийн хуурамч хувилбар байх магадлалтай учраас үнийн хувьд хямд байна" гэх ойлголт иргэдийн дунд үүсч, энэ талаар асууж тодруулах хүмүүс цөөнгүй байгаа аж. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү үүнд хариулт өгч, “Гуравхан сая иргэнтэй Монгол Улсын хүн амын элэгний С вирусын өвчлөл аюултай хэмжээнд хүрсэн. Иймээс л нийгмийн хариуцлагаа ухамсарладаг гадны томоохон компани хөнгөлөлттэй үнээр олгохоор болсон. Түүнээс биш хуурамч эм авчирч байгаа гэсэн ойлголт яавч байхгүй” гэдгийг онцолж байна.
130 ЭМЧ БЭЛТГЭЖЭЭ
Нэн тэргүүнд эмч мэргэжилтнүүдээ энэ чиглэлээр мэргэшүүлэх шаардлага тулгарсан. Энэ хүрээнд зургадугаар сарын 15-нд хот, хөдөөгийн 130 эмчийг сургалтанд хамруулжээ. Бүх дүүрэг, аймаг, зарим сумдын эмч нар хамрагдсан байна. Тэд өөр өөрсдийн эмнэлэгтээ сургалтыг дахин явуулах юм. Ийнхүү хөдөө, сумын иргэд аймгийнхаа эмнэлэгт хандаж, тухайн сургалтанд хамрагдсан эмчид үзүүлэхээр зохицуулжээ.
ХЭРХЭН БҮРТГҮҮЛЭХ ВЭ?
Иргэдийн хувьд элэгний С вирустай эсэхээ мэдэхгүй тохиолдолд нэн тэргүүнд харьяа дүүргийнхээ эмнэлэгт хандах юм. Орон нутаг, хөдөөгийн иргэд аймгийнхаа эмнэлэгт хандаж шинжилгээнд хамрагдах шаардлагатай. Элэгний С вирустай нь тогтоогдвол ХӨСҮТ, улсын 1, 2, 3 дугаар төв эмнэлэг, аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэгт хандаж бүртгүүлэх юм. Тухайн эмнэлэг бүрт сургалтад хамрагдсан мэргэжлийн эмч бий. Эдгээр эмч нар нийслэлийн бүх дүүрэг, аймгуудын эмнэлэгт ажиллаж байгаа аж. Энэ бүртгэлийг эмийн компани руу илгээх юм.
Дараагийн ээлжинд итгэмжлэгдсэн лабораторит С вирусаа тоолуулна. Одоогоор лабораториудыг сайн дурын үндсэн дээр хөндлөнгийн хяналтад хамруулж, шалгуур хангасныг нь олон нийтэд мэдээлэхээр ажиллаж байгаа гэв. ХӨСҮТ-д С вирус тоолох шинжилгээ хийх есөн лаборатори хүсэлтээ ирүүлжээ. Эдгээрийг нягталсны үндсэн дээр баталгаа гаргаж, тухайн лабораториудыг олон нийтэд зарлахаар болсон байна.
ОДОО БҮРТГҮҮЛЭХЭД ОРОЙТОХГҮЙ
Элэгний С вирустай иргэдийн бүртгэлийг аравдугаар сард “Харвони” эмийг оруулж иртэл үргэлжлүүлнэ. Гэхдээ бүртгэл бүрэн дуусна гэсэн үг биш. Үе шаттайгаар бүртгэлжүүлж, дээрх эмийг олгох юм. Тиймээс иргэдийн хувьд одоо ч бүртгүүлэхэд оройтохгүй. Гол нь түрүүлж бүртгүүлсэн нь “Харвони” эмийг авахдаа давуу эрх эдэлнэ гэсэн ойлголт байхгүй юм. Тиймээс иргэд одооноос харьяа эрүүл мэндийн төвдөө хандаж, эхний шинжилгээгээ хийлгүүлэх хэрэгтэй.
Элэгний С вирустай иргэдийн хувьд 160 мянган төгрөгийн шинжилгээнд хамрагдана. Харин энэ шинжилгээний үнийг улсаас хөнгөлөх боломжгүй гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.
“Харвони” эмийн үнийг 98 хувиар хөнгөлж байгаа учраас шинжилгээ хийлгэх мөнгийг иргэд өөрсдөө гаргахаас аргагүй ажээ.
“Харвони” эмийг ийнхүү үе шаттайгаар оруулж ирснээр элэгний С вирустай иргэдийг эмчлэх боломж нээгдэнэ, цаашлаад өнөөдөр яригдаж байгаа 450 мянга гэх тоог жил ирэх тусам бууруулна гэж эрүүл мэндийн байгууллагынхан үзэж байна. Тодруулбал, 2030 он гэхэд Монгол Улс элэгний С вирусаас ангижирсан орон хэмээн дэлхий нийтэд зарлагдах боломжтой гэсэн судалгаа гарган, ажиллаж байгаа аж.