Дунгийн суулгацыг Монголд нэвтрүүлэхэд хамтарч ажиллана
2015 оны 7 сарын 01
Манай улсад 2009 оноос хойш 50 гаруй хүүхдэд дунгийн суулгацын мэс заслыг амжилттай хийсэн. Гэхдээ үүний цаана олон арван хүүхэд ийм төрлийн хагалгаанд орохоор дугаарлаж, зарим нь төлбөрийн боломжгүй байдлаас болж тахир дутуучуудын эгнээнд орох тохиолдол ч элбэг байдаг байна. Дунгийн суулгацын мэс засал бол төрөлхийн болон олдмол таг дүлий хүнд сонсгол оруулах орчин үеийн эмчилгээ юм. Монголд энэ төрлийн хагалгааг цөөн тоогоор хийж байсан ч эмчилгээний үндсэн бааз байдаггүй.
Харин манай улсын эрүүл мэндийн салбар Австралийн Кохлер фирмтэй хамтран дунгийн суулгацын мэс заслыг хөгжүүлэхэд хамтран ажиллахаар болсон нь дээрх асуудлуудыг шийдэх боломжийг бүрдүүлж байгаа юм. Энэ талаар Австралийн Кохлер фирмийн Ази тив хариуцсан ерөнхийлөгч Шин Юьү Ли “Бид өчигдөр Монгол Улсын ЭМСЯ-тай хамтран дунгийн суулгацыг Монголд нэвтрүүлэхэд хамтран ажиллах гэрээ байгуулсан. Өнөөдөр тус гэрээг ажил хэрэг болгоход ЭХЭМҮТ-тэй хамтрах гэрээг мөн үзэглэлээ. Дараагийн гол алхам бол “ЭМЖЖ” эмнэлгээр дамжуулан Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд дунгийн суулгацын хагалгааны бааз бий болгоно. Үүнд хагалгааны өмнөх оношлогоо, мэс засал, нөхөн сэргээх тусгай үйлчилгээ гээд бүгд багтах юм” хэмээн ярилаа.
Монголд зөвхөн дунгийн суулгацыг хийхэд ойролцоогоор 10 мянга гаруй доллар болно. Үүн дээр хагалгааны өмнөх оношлогоо, дараах эмчилгээний үнэ багтаагүй. Одоогийн байдлаар Монголд тус хагалгааг хэдэн төгрөгийн өртгөөр хийх үнэ тодорхой гараагүй байна. Харин ЭМД-ын тухай хуулийн шинэчлэлийн хүрээнд өндөр өртөгтэй мэс заслын төлбөрөөс хөнгөлөх үйлчилгээнд дунгийн суулгацын хагалгаа орох бөгөөд мэс заслын төлбөрийн 70 хувийг ЭМД-аас төлөх юм байна. Манай улсад жилд мянган төрөлт тутмын нэгд нь таг дүлий хүүхэд төрдөг байна. Энэ нь жилд дунджаар 80 хүүхэд төрөлхийн дүлий төрж байна гэсэн үг. Гэхдээ энэ тооны цаана илрүүлж бүртгээгүй үлдсэн тохиолдол ч байгаа гэдгийг салбарынхан хэлдэг. Дунгийн суулгацын мэс заслыг тогтмол хийдэг болсноор ийм гажигтай төрсөн хүүхдүүдийг эрт эмчлэх боломж бүрдэх юм.
Үүнээс гадна Австралийн Кохлер фирмийн мэргэжилтнүүдээс чих, хамар хоолойн гажигтай төрөлт болон дунгийн суулгацын хагалгаа хийлгэх шаардлагатай хүмүүсийн тухай судалгаа гаргах тал дээр ч мөн туршлага судлах юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
23425
0 эможи