Эмнэлэгүүдэд цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын чиглэлээр зөвлөлөө
Иргэн бүр эрсдэлгүй орчинд” сарын аяны хүрээнд энэ сарын 26-ны өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Шастины нэрэмжит Улсын гуравдугаар эмнэлэгтэй хамтран нийслэлийн хэмжээнд рентген оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй эмнэлгийн байгууллагуудын цацрагийн аюулгүй байдал хариуцсан ажилтан, рентгений эмч, техникч болон удирдах албан тушаалтнуудад зориулан рентген оношилгооны салбарын цацрагийн хамгаалалт аюулгүй байдлыг шалгах хяналтын хуудсыг сурталчлах, хяналтын хуудсаар хяналт шалгалт хийх зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг зохион байгууллаа. Сургалтанд нийслэлд рентген оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 45 эмнэлгийн байгууллагын удирдах ажилтан, эмч, техникийн ажилчид оролцов.
Зөвлөн туслах үйлчилгээний хүрээнд:
Энэхүү ажлын хүрээнд оролцогчдод Цөмийн болон цацрагийн хяналтын үйл ажиллагаа, рентген кабинетэд тавигдах цацрагийн хамгаалалтын шаардлагууд, Мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтыг хэрэгжүүлэх тухай, термолюминесценцийн арга сэдэвт илтгэлүүдийг танилцуулж, эмнэлгийн ажилтан, оролцогчидтой цацрагийн хяналт шалгалтын талаар нээлттэй хэлэлцүүлэг, явуулж тэдний санал бодлыг сонслоо.
Рентген оношилгооны салбарын цацрагийн хамгаалалт аюулгүй байдлыг шалгах хяналтын хуудсыг сурталчилах, турших ажлын хүрээнд нийт оролцогчид 3-р эмнэлгийн дүрс оношилгооны тасгийн рентген кабинет, компьютер томографийн кабинетэд хяналтын хуудсаар хяналт шалгалт хийж, рентген тоног төхөөрөмжийн чанарын хяналт, рентген кабинетийн эрүүл ахуй дозиметрийн хяналт буюу рентген оношилгооны үед өвчтөнд үзүүлэх цацрагийн тунг хэрхэн үнэлэх, өвчтөний цацрагийн тунд нөлөөлж буй хүчин зүйлүүдийг тодорхойлох талаар мэдлэгээ дээшлүүллээ. Мөн хяналтын хуудсанд өгөх саналыг эмнэлэг тус бүрийн төлөөллөөр гаргуулан, Рентген Радиологийн мэргэжлийн зөвлөлийн ажлын албанаас саналыг нэгтгэн хэлэлцүүлж, ирүүлэх шийдвэрийг семинарт оролцогчид гаргалаа.
Сургалт семинарын үеэр эрүүл мэндийн салбарт цацрагийн хамгаалалт аюулгүй байдлыг хангуулах талаар гаргасан зурагт хуудас, сурталчилгааны материал, гарын авлага болон цацрагийн хяналт шалгалтанд ашиглагддаг багаж хэрэгсэл, хувийн хамгаалалтын хэрэгслийг үзүүлэх зорилгоор үзэсгэлэн гаргаж, хэрэглэгчдэд танилцууллаа. Үзэсгэлэнгийн үеэр эмнэлгийн байгууллагуудад цацрагийн хамгаалалт аюулгүй байдлыг хангуулах талаар гаргасан гарын авлага, материалаар оролцогчдыг хангасан байна.
Нийслэлийн хэмжээнд рентген оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй нийт 45 байгууллагад “Рентген кабинетийн зохион байгуулалт, цацрагийн хамгаалалтын шаардлага”, “Мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтыг хэрэгжүүлэх тухай” ахлах байцаагчийн зөвлөмж гарган, хүргүүллээ.