54 цусны донорт "Хүндэт донор" цол тэмдгийг гардуулан өгчээ
Жил бүрийн 6-р сарын 14-нд дэлхий дахинд “Цусны Донорын Дэлхий Өдөр”-ийг тэмдэглэдэг бөгөөд энэ жил 12 дахь удаагийн өдөрлөгийг Чингисийн талбайд зохион явууллаа. Энэхүү арга хэмжээ зөвхөн Улаанбаатар хот төдийгүй 21 аймагт нэгэн зэрэг болсноороо онцлог байв.
Уг өдөрлөгийн үйл ажиллагаанд Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, МУЗН-ийн ерөнхийлөгч УИХ-ын гишүүн Н.Энхболд, ЦССҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэбаяр, ДЭМБ-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Dr.Soe Nyunt-U, МУЗН-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нар оролцон цусаа бэлэглэгч доноруудад талархал илэрхийлж, мэндчилгээ дэвшүүллээ.
Энэхүү өдөрлөгийн үеэр Улаанбаатар хотоос 35 түүнээс дээш удаа цусаа бэлэглэн болзол хангасан нийт 54 цусны доноруудад “Хүндэт донор”-ын цол тэмдгийг гардуулан өглөө. ЦССҮТ, МУЗН-ээс ард иргэдэд донорын сургалт сурталчилгааг зохион байгуулж, явуулын хэлбэрээр цус цуглууллав.
Мөн авлагагүй сайн дурын донорын эгнээг өргөжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан “Тэргүүний донор сурталчлагч байгууллага”, “Донор хамт олон” болон нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн хүмүүнлэгийн үйлсийг дэмжин хамтран ажилласан байгууллагуудыг алдаршуулан “Хүмүүнлэгийн үйлсийг дэмжигч байгууллага “, “Тэргүүний донор сурталчлагч хэвлэл мэдээллийн байгууллага”-аар тодруулж, өргөмжлөл мөнгөн шагналаар урамшууллаа.
Өдөрлөгт Харанга хамтлагын дуучин МУГЖ Х.Лхагвасүрэн, МУСТА Насанбуян, морин хуурч хөөмийч Ашид зэрэг олон уран бүтээлчид ая дуугаа өргөн ачтан доноруудадаа хүндэтгэл үзүүллээ.