“ХАВДРЫН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ АЯН” 5 дахь жилдээ хэрэгжиж байна
“ХАВДРЫН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ АЯН”-нь хавдраас сэргийлэх талаар хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрсдэлт бүлгийн хүн амыг урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах, хавдрыг эрт үед нь оношлох, орон нутгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд хорт хавдрын эрт илрүүлэлт, хавдрын оношлогоо, эмчилгээний чиглэлээр сургалт зохион байгуулах, ажлын байранд нь дагалдуулан сургаж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилготой.
“ХАВДРЫН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ АЯН-2015”-ын нээлтийг 5 дугаар сарын 5-ны өдөр Орхон аймагт хийж Эрүүл Мэнд, Спортын Яамны сайд Г.Шийлэгдамба, ХСҮТ-ийн Ерөнхий захирал Л. Төмөрбаатар, ХААН банкны Гүйцэтгэх захирал Норихико Като, МҮОНРТ болон албаны бусад хүмүүс, Орхон аймгийн ЗДТГазар, Эрүүл Мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн удирдлагууд, аймгийн ард иргэд өргөнөөр оролцлоо.
Одоогоор Булган, Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь аймгууд болон Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ХСҮТ-ийн эмч, мэргэжилтний багийнхан ажиллаад байна.
Аян хэрэгжсэн аймгуудад дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэлээ.
Үүнд:
Нэг: Эрсдэлт хүчин зүйлсийн талаархи хүн амын мэдлэгийг дээшлүүлэх мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажил
Хавдар үүсгэх эрсдэлт хүчин зүйлс, тэдгээрээс урьдчилан сэргийлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэхэд чиглэсэн мэдээлэл, суртачилгааг хүн амд хүргэж, 12 төрлийн нугалбар-12900 ширхэг, хавдрын эрсдэлт хүчин зүйлийн талаар ард иргэдэд зориулан гаргасан сэтгүүл товхимол -1070 ширхэгийг ард иргэдэд түгээгээд байна. Мөн үүний зэрэгцээ аяны үйл ажиллагааны талаар мэдээ мэдээлэл, ярилцлагыг МҮОНРТ, UBSTV болон орон нутгийн 17 телевизээр олон нийтэд сурталчиллаа.
Хоёр: Хавдрын нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг
“ХАВДРЫН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ АЯН”-ы хүрээнд хэрэгжүүлдэг үйл ажиллагааны нэг нь эрсдэлт бүлгийн хүн амын дунд урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо шинжилгээг хийдэг. Аяны үеэр хийгдсэн хавдрын нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт нийт 9120 иргэдийг хамруулснаас хавдрын урьдал өвчин -566, хоргүй хавдар -635, хортой хавдрын 20, хорт хавдрын сэжигтэй -94 тохиолдол, 591- эсийн шинжилгээ, 17- эдийн шинжилгээ хийсэн байна. Хорт хавдрын сэжигтэй тохиолдлуудад нарийн шинжилгээ хийж оношийг баталгаажуулж хорт хавдар оношлогдсон хүмүүс ХСҮТ-д эмчилгээндээ орж эхлээд байна. Аяны үеэр ХСҮТ-ийн эмч нар хавдраар өвчилсөн 40 хүнд мэс засал орон нутагт нь хийж аймгийн мэс заслын эмч нарыг ажлын байран дээр дагалдуулан сургалаа. Ийнхүү хавдрын мэс заслын тусламжийг орон нутагт үзүүлсэн нь хавдрын нарийн мэргэжлийн тусламжийг иргэдэд ойртуулсан арга хэмжээ боллоо.
Гурав: Эмнэлгийн эмч мэргэжилтнүүдэд зориулсан сургалт
Аяны хүрээнд аймгийн өрх, сумын болон БОЭТ эмч мэргэжилтнүүдийг хавдрын эрсдэлт хүчин зүйлүүд, тэдгээрээс урьдчилан сэргийлэх талаар мэдлэг, дадлагыг дээшлүүлэх, хавдрыг эрт илрүүлэх, хянах, хорт хавдрын эрт илрүүлгийн бүртгэл мэдээллийн талаар хийсэн 2 кредит цагийн сургалтад нийт 272 эмч хамрагдав. Мөн аяны 2,3 дах өдөр “Хорт хавдрын үеийн сувилахуйн тусламж хорт хавдрын үеийн хими эмчилгээ, хөнгөвчлөх эмчилгээ, гэрээр хийх сувилахуйн тусламж” сэдвээр 210 сувилагчийг хамруулсан сургалтыг зохион байгуулсан.
Дөрөв: Сайн дурын идэвхтэнд зориулсан сургалт
Хүн амын дунд эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг өрнүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор аяны хүрээнд зохион байгуулсан бас нэг чухал ажил нь эрүүл мэндийн сайн дурын идэвхтэнг давтан сургасан бөгөөд нийт 172 хүнийг сургалтанд хамруулсан байна.