Мэдрэлийн төвийн үндэсний хоёрдугаар конференци болов
Улсын гуравдугаар төв эмнэлгийн мэдрэлийн төвөөс “Монгол улс дахь тархины судасны эмгэгийн оношилгоо, эмчилгээнд гарч буй шинэ амжилт, хэтийн төлөв” сэдэвт үндэсний хоёрдугаар конференцийг зохион байгуулж, клиникийн нэгдсэн эмнэлгүүд, хот хөдөөгийн мэдрэл, мэдрэлийн мэс засал, ангиологч, дүрс оношилгооны эмч 196 эмч мэргэжилтнүүд хамрагдлаа.
Энэхүү конференциар Монгол улсын хэмжээнд тархины судасны оношилгоо эмчилгээний өнөөгийн байдал, тус салбарт тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох, орчин үеийн ололт амжилттай танилцаж, харилцан туршлага, мэдээлэл солилцох, тусламж үйлчилгээ болон оношилгоо, эмчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, эмч мэргэжилтнүүдийн эрдэм судлалын ажлыг дэмжиж, нотолгоонд суурилсан эмнэл зүйн ур чадварыг дээшлүүлэх талаар санал бодлоо тус солилцлоо. Энэ үеэр өөрийн орны мэргэжилтнүүдийн болон АНУ-ын мэдрэлийн мэс засалчдын илтгэлийг мэргэжил нэгтнүүд сонссон байна.
Тус конференцид ЭМСЯ-ны дэд сайд Д.Атармаа, УГТЭ-ийн дарга Ц. Төмөр-Очир, МУ-ын хөдөлмөрийн баатар, Ардын эмч, гавьяат эмч Х.Хайрулла, ШУ-ны гавьяат ажилтан, АШУ-ны доктор Д.Баасанжав, Ардын багш, гавьяат эмч Г.Цагаанхүү, ЭМСЯ-ны мэдрэл судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга, АУ-ны доктор Д.Өлзийбаяр, АНУ-ын Нью-Иорк мужийн Монтеферрогийн АУ-ны төвийн мэдрэлийн мэс засалч Reza Yassari, Apolonia E.Abramovicz,нар оролцлоо.