Улаанбурханы нэмэлт дархлаажуулалтын нээлт өнөөдөр болно
Улаанбурханы нэмэлт дархлаажуулалтын нээлт 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 11 цагаас Баянзүрх дүүргийн салбар амбулатори №1 (Эрүүл мэндийн 10 дугаар төв) дээр болно.
Нээлтийн үйл ажиллагаанд:
- Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа
- ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү
- НҮБ-ийн хүүхдийн сангийн төлөөлөгч
- ДЭМБ-ын төлөөлөгч
- БЗДЭМТ-ийн дарга Ж.Тамир болон албаны бусад хүмүүс оролцоно.
Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалт 2015 оны 5 дугаар сарын 15-25-ны өдрүүдэд орон даяар зохион байгуулагдана.
2015 оны 3 дугаар сараас улаанбурхан өвчний дэгдэлт гарсантай холбогдуулан орон даяар уг өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалт хийж байгаа болно.
Хэн хамрагдах вэ?
6 сартайгаас 5 насны бүх хүүхэд хамрагдана. Улаанбурхан, гахайн хавдар, улаануудын (УГУ) вакцины 2 тунг бүрэн хийлгэсэн ч гэсэн нэмэлт дархлаажуулалтад хамрагдана. Харин хүүхэд ямар нэг вакцин, иммуноглобулин хийлгээд нэг сар болоогүй байгаа бол улаанбурханы эсрэг нэмэлт вакцин хийхгүй, түр хойшлуулж, 1 сар болохоор нь нэмэлт вакцинаа хийнэ. Вакцин хийхийн өмнө эмчийн үзлэг хийнэ. Хүүхдийн эрүүл мэндийн байдал, вакцин хийхэд харшлах заалт байгаа эсэхийг нь тодруулна. Үзлэгээр тухайн үедээ вакцин тарих боломжгүй байсан бол зөвлөгөө өгч явуулаад, уг шалтгааныг арилмагц нэмэлт дархлаажуулалт хийнэ.
Улаанбурханы вакциныг аль нэг гарын бугалганы дээд хэсэгт арьсан дор тарина.
Вакцинжуулалтад ирэхдээ хүүхдийн эрүүл мэндийн (ягаан) дэвтрийг авч ирээрэй.