Эрүүл мэндийн салбарын 15 дахь удаагийн цахим хурал болов
Ээлжит цахим хурал 2014 оны 04 дүгээр сарын 25-ны Баасан гаригт зохион байгуулагдаж, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа ахлан явууллаа.
Тус хуралд ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал, Сайдын ахлах зөвлөх М.Туяа, холбогдох хэлтсийн дарга, мэргэжилтнүүд хүрэлцэн ирж, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын төлөөллүүд цахимаар оролцлоо.
Эрүүл мэндийн дэд сайд Ж. Амарсанаа, "Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил"-ийн хүрээнд хийгдсэн зарим ажлуудын талаар танилцуулав. Өнгөрсөн хугацаанд “Эрт нярайн эрүүл мэндийн стратеги төлөвлөгөө”-ний төслийн эхний хувилбарыг боловсруулж, санал авсан. Мөн ЭХЭМҮТ-ийн удирдлага, эмч нартай эх барихын тусламж, үйлчилгээний талаар уулзалт, ярилцлагыг зохион байгуулсан. ЭХЭМҮТ, дүрс оношилгооны мэргэжлийн салбар зөвлөл, НЭМГ, дүүргийн эх барих, эмэгтэйчүүдийн зохицуулагч, эмч, мэргэжилтнүүдтэй Нийслэлийн хэмжээнд жирэмсэн эмэгтэйчүүдэд үзүүлж байгаа тусламж, үйлчилгээ, чанд авиан оношилгооны талаар уулзалт хийж, зөвлөгөө өгөв.
Энэ удаагийн цахим хурлаар эх, хүүхдийн ялангуяа нярайн эндэгдэл өндөртэй Баянхонгор, Дорноговь, Говь-Алтай, Сүхбаатар, Өмнөговь, Баян-Өлгий аймгуудын Эрүүл мэндийн газрын дарга нар болон ерөнхий мэргэжилтнүүд хийж байгаа болон цаашид авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн үйл ажиллагааны талаар танилцуулга хийж, холбогдсон асуултандаа хариулт авлаа.
2014 онд хэрэгжүүлэх “Бүтээлч-12” ажлын хүрээнд АХБ-ны ЭМСХ төслөөс Цусны даралт хэмжих 50 суурин аппарат нийлүүлж, БЗД-т суурилуулахаар бэлтгэж байна. Мөн ЭХЭМҮТ-өөс Нярайн тандалтын хөтөлбөрийг боловсруулж байна.
Аймгуудаас Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн байгууллагууд Олон улсын “Сувилагчдын өдөр”-ийг тохиолдуулан “Эх, хүүхдийн сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулья” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг энэ сарын 18-19-ний өдрүүдэд Сүхбаатар суманд зохион байгуулсан байна. Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын “Эх, хүүхдийн баг” зүүн зургаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн 7-9 дүгээр ангийн сурагчдын дунд “Нөхөн үржихүйн эрүүл мэнд”, “Халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх” нь сэдэвт мэдлэгийн өртөөчилсөн сургалтыг зохион байгуулж, нийт 360 сурагчийг хамруулсан байна.
Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газар НҮБ-ын ХАС-ийн санхүүжилтээр сумдын Засаг дарга, иргэдийн хурлын дарга нарыг оролцуулсан сумын НЭМСЗ-ийг чадавхижуулах хоёр өдрийн сургалтыг зохион байгуулсан. Сургалтын үр дүнд /Баянцагаан, Баян-Өндөр сумууд Эх, хүүхдийн эрүүл мэндэд анхаарлаа хандуулж Засаг даргын өрөөнд жирэмсэн эх, 0-5 хүртэлх насны хүүхдий газарзүйн байршлын зураг гарган нэрийн хяналтаар нь хянадаг болсон байна.
Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газар “Осол гэмтэл хүчирхийллээс сэргийлэх сарын аян” зохион байгуулж, сургууль цэцэрлэгийн нийт 3179 хүүхэд болон эцэг, эхчүүдийг хамруулсан байна.