Эрүүл мэндийн салбарт энэ долоо хоногт Хэн, Юу хэлэв?

2015 оны 4 сарын 24

Эрүүл мэндийн салбарт энэ долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. /Хамрах хугацаа 2015.04.20-2015.04.24/

 

Эрүүл мэнд, спортын яамны сайд Г.Шийлэгдамба: Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг даатгалд хамруулна

Бусад оронтой харьцуулахад манай улсад эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал харьцангуй хямд үнээр хийгдэж байгаа. Бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг анх 12 сая төгрөгийн ханштай хийж байсан. Харин 2010 онд Эрүүл мэндийн сайдын багцаас 8.3 сая төгрөгийг хөнгөлөх тушаал гарч одоог хүртэл хөнгөлөлттэй үнээр хийгдэж байгаа.  Тухайн өвчтөн өөрөө дөрвөн сая төгрөгийг гаргаж мэс засалд ордог. Өнөөдрийн зах зээлийн ханшаар тооцвол 37.5 сая орчим төгрөгийн зардал гарч буй юм. Тиймээс мэс заслын өртөг зардлыг эрүүл мэндийн даатгалын санд үе шаттайгаар хамруулах, гадаад руу эмчилгээ, үйлчилгээнд явж байгаа хүмүүсийн урсгалыг зогсоох, дотооддоо энэ мэс заслыг хөнгөлөлттэй үнээр хийх боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажиллана.

                                                                                                                                                                                            / Зууны мэдээ 2015.04.23 №82 /

Нийслэлийн эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн албаны дарга Т.Хулан: 6 хүртэлх насны хүүхдүүдийг вакцинжуулна

Нийслэлийн хэмжээнд гарсан тохиолдлуудыг насны хувьд ангилбал нэг сартайгаас 39 насны хооронд байна. Гэхдээ өвчтөнүүдийн 45 хувийг 1-11 сартай хүүхдүүд эзэлж байгаа юм. Улаан бурхны вакциныг есөн сар, хоёр настайд хийдэг. Тиймээс вакцин хийлгэж амжаагүй буюу 0-8 сартай хүүхдүүд, эсвэл нэгдүгээр тунгаа авсан ч хоёрдугаар тунгаа авч амжаагүй хүүхдүүд өвдөж байна. Мөн товлолт вакцинаасаа хоцорсон хүүхдүүдийг нөхөн дархлаажуулалтад хамруулж байгаа. Харин тавдугаар сард ХӨСҮТ-тэй хамтран нэмэлт дархлаажуулалт хийхээр болсон. Нийслэлийн зургаан сартайгаас зургаан настай бүх хүүхэд хамрагдах ёстой. Өрхийн болон дүүргийн эрүүл мэндийн төвүүд, сургууль цэцэрлэгээр хийнэ.

/arslan.mn 2015.04.23/

Арьсны өвчин судлалын үндэсний төвийн их эмч  Г.Доржханд: Харшлын тариаг энэ сарын 5-наас хийж эхэлсэн

Энэ үед ургамлын тоосжилт ид явагддаг гэсэн үг. Тиймээс бид ургамлын гаралтай харшлын өвчнөөс сэргийлэх тариаг энэ сарын 5-наас эхлэн хийсэн. Цацлага, тарилга гэсэн хоёр хэлбэрээр хийж байна. Эмнэлэгт хандаж буй хүмүүсийн дийлэнх нь ургамлын тоосонцрын харшилтай  байна. Наадмын дараа буюу долдугаар сарын 15-наас шарилж тоосоо гөвдөг. Үүнээс өмнө 45 хоногийн тарилга хийж дархлаа тогтоосноор урьдчилан сэргийлнэ гэсэн үг. Харшил үүсгээд байгаа шалтгаан шарилж маань жил бүр байгальд ургаж байгаа учир дараа жил дахин энэ эмчилгээнд хамрагдана гэсэн үг.

                                                                                                                                                             /Зууны мэдээ 2015.04.23 №82 /

 Улсын клиникийн хоёрдугаар эмнэлгийн Мэдрэлийн тасгийн их эмч  Л.Амарсанаа: Мэдрэлийн ядаргаанд эм тариа хэрэглэх нь зөв эмчилгээ биш

Өвчин үүсэх гол шалтгаан нь тулгарсан асуудлаа шийдэж чадахгүй, дотоод бухимдлаа гаргахгүйгээс болоод мэдрэлийн ядаргаанд өртөж байна. Ер нь аливаа эмийг эмчийн зааваргүй хэрэглэх нь тохиромжгүй. Эмийг бичиж өгөх эрхтэй ганц хүн бол эмч. Тиймээс эмийг тухайн тохирсон тунгаар зөв хэрэглэвэл үр дүн өгдөг. Харин эсрэгээрээ шаардлагагүй эмийг дур мэдэн уух нь хор болох аюултай. Тэгээд ч мэдрэлийн ядаргаанд эм тариа хэрэглэх нь зөв эмчилгээ биш. Дусал залгуулж, витамин уугаад асуудал шийдэгдэхгүй. Нэг л удаагийн сэргээх төдий алхам болно. Тиймээс иж бүрэн шинжлүүлж, төгс эмчилгээ хийж байж л ядаргаанаас гарна. Ядаргаанаас салах хамгийн гол эмчилгээний нэг бол тархины цусан хангамж сайжруулах.

                                                                                                                                                                                                 / Зууны мэдээ 2015.04.23 №82 /

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21102
0 эможи
keyboard_arrow_up