Эмч Т.Хулан: 6 хүртэлх насны хүүхдүүдийг вакцинжуулна

2015 оны 4 сарын 23

Монгол Улсын хэмжээнд сүүлийн таван жилийн хугацаанд нэг ч тохиолдол гараагүй улаан бурхан өвчин нэг сарын дотор 1680 гаруй бүртгэгдэж, 220 гаруй өвчтөн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Энэ талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн албаны дарга Т.Хулангаас тодрууллаа.

-Улаан бурхан өвчний тархалт хаана их байна вэ?
-Энэ өвчний анхны мэдээлэл гуравдугаар сарын 18-нд манайд ирсэн. Түүнээс хойш нэг сарын дотор улсын хэмжээнд бүртгэж байгаа 1680 гаруй өвчлөлийн 80- 85 хувь нь Улаанбаатар хотод гараад байна. Энэ тархалт дөрөвдүгээр сарыг дуустал явагдах төлөвтэй байна.

-Халдвар тархахгүй байлгах ямар арга хэмжээ авч байна вэ?
-Улаан бурхан нууц үедээ ханиад томуу хүрсэн, халуурсан, хоолой өвдөх маягаар илэрдэг. Тиймээс бид дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд халдвар оруулахгүйн тулд 800-аад хүнд сургалт явуулсан.

-Энэ өвчнөөр голдуу хүүхдүүд өвдөж байна. Энэ нь дархлаажуулалттай холбоотой байна уу?
-Нийслэлийн хэмжээнд гарсан тохиолдлуудыг насны хувьд ангилбал нэг сартайгаас 39 насны хооронд байна. Гэхдээ өвчтөнүүдийн 45 хувийг 1-11 сартай хүүхдүүд эзэлж байгаа юм. Улаан бурхны вакциныг есөн сар, хоёр настайд хийдэг. Тиймээс вакцин хийлгэж амжаагүй буюу 0-8 сартай хүүхдүүд, эсвэл нэгдүгээр тунгаа авсан ч хоёрдугаар тунгаа авч амжаагүй хүүхдүүд өвдөж байна. Мөн товлолт вакцинаасаа хоцорсон хүүхдүүдийг нөхөн дархлаажуулалтад хамруулж байгаа. Харин тавдугаар сард ХӨСҮТ-тэй хамтран нэмэлт дархлаажуулалт хийхээр болсон. Нийслэлийн зургаан сартайгаас зургаан настай бүх хүүхэд хамрагдах ёстой. Өрхийн болон дүүргийн эрүүл мэндийн төвүүд, сургууль цэцэрлэгээр хийнэ.

-Сүүлийн таван жилийн байдлаар улаан бурхны нэг ч тохиолдол бүртгэгдээгүй. Гэтэл дахин дэгдсэн нь ямар учиртай юм бол?
-Өнгөрсөн жил Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Монгол Улсыг “Улаан бурхан өвчнийг тууштай бууруулж чадсан” гэсэн батламж өгсөн юм. Гэтэл өнгөрсөн сараас дэгдлээ. Энэ өвчлөлийг судлаад үзэхэд АНУ-аас гаралтай, Европоор дамжаад манай хоёр хөршид ирсэн юм билээ. Одоо манайд гараад байгаа улаан бурхны тохиолдлыг шинжлээд үзэхэд БНХАУ-д гарсан вирусийн төрөл зүйлтэй адилхан байгаа юм. Тиймээс урд хөрш рүү бага зорчиж, зорчих бол амны хаалт зүүж заншаарай гэж зөвлөж байна.

-Улаан бурхнаас хэрхэн сэргийлэх вэ?
-Энэ өвчин биеийн эсэргүүцэл нь суларсан, ханиад томууны суурин дээр гарч байна. Улаан бурхан хүндрэхээрээ хүүхдийн амьсгалын замын өвчин хатгалгаа, хоолой бачуурах ларингит өвчин болдог. Тиймээс аль болох хүүхдээ хөхөөр хооллож, дархлааг нь сайжруулж, чийрэгжүүлээрэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21067
0 эможи
keyboard_arrow_up