Улаанбурхан өвчний талаар хэвлэлийн хурал зарлалаа

2015 оны 4 сарын 02

Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа, ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч ноён Су Нюунт-У нар өнөөдөр сэтгүүлчдэд Улаанбурхан өвчний талаар мэдээлэл хийлээ. 

Улаанбурхан өвчний улмаас дэлхий дээр өдөрт дунджаар 330 хүн нас бардаг, тэдгээрийн ихэнх нь тав хүртэлх насны хүүхдүүд байдаг аж. Тиймээс ДЭМБ-аас гишүүн улс орнуудад энэ өвчнийг бууруулах асуудалд анхаарлаа хандуулсаар ирсэн.

Манай улсын хувьд 2001 оноос хойш дэгдэлт байдлаар гараагүй, 2010 оноос хойш нэг ч өвчлөл бүртгэгдээгүй тул 2014 оны гуравдугаар сард Улаанбурхан өвчнөөс ангид улс болсныг илтгэх гэрчилгээ гардан авч байсан юм. Тодруулбал, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн Австрали, Макао, Монгол, Солонгос гэсэн дөрвөн улсын хамт энэхүү гэрчилгээг авч байжээ.

Тэгвэл 2015 оны гуравдугаар сарын 18-ны өдөр улаанбурхан өвчнөөр өвдсөн анхны өвчтөн эмнэлэгт хандсанаас хойш өнөөдрийг хүртэл нийтдээ 333 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Тэднээс лабораторийн шинжилгээгээр 95 нь Улаанбурхан туссан болох нь батлагджээ. Анхны өвчтөн насанд хүрсэн оюутан байсан нь уг өвчин гадаадын улс орнуудаас зөөвөрлөгдөн орж ирсэн байж болзошгүйг Эрүүл мэнд спортын дэд сайд Д.Атармаа хэлж байлаа.

Энэ удаагийн Улаанбурханы вирусын омог нь БНХАУ-ын омогтой ижил төстэй байгаг ДЭМБ-ын суурин төлөөлөгч дурьдаад энэхүү дүгнэлтээ баталгаажуулах үүднээс сорьцыг Хонконг руу илгээнэ гэсэн юм.

Одоогоор Улаанбурханаар халдварласан хүмүүсийн 22 нь насанд хүрэгчид бөгөөд тэдний дотор эмч, эмнэлгийн ажилтнууд ч багтсан байна. Улаанбурхан өвчин дэгдэлт хэлбэрээр гарсан нь тодорхой болсон тул ДЭМБ-ын суурин төлөөлөгч, НҮБ-ын хүүхдийн сан зэрэг газруудад хандаад байгаа юм.

Уг өвчний дэгдэлтийг бууруулахын тулд зургаан сартайгаас таван нас хүртэлх бүх хүүхдийг вакцинд хамруулах шаардлагатай. Гэвч сүүлийн жилүүдэд эл өвчин дэгдээгүй учир оношлогоо, тандалтад эмч нарын туршлага дутмаг байдал ажиглагдсан тул сургалт, сурталчилгааг явуулах шаардлагатай байгаа гэнэ. Улаанбурханы вакциныг хүүхэд бүрт есөн сартай болон хоёр настайд нь хийдэг ч дархлаа суларсан болон суурь өвчтэй хүмүүс эл өвчнөөр өвдөж эхэлжээ. Хүүхдүүдийн хувьд хөхөөр хооллодоггүй, сульдаатай хүүхдүүд илүүтэй өртөж байгаа юм. Тиймээс зургаан сараас таван нас хүртэлх бүх хүүхдэд Улаанбурханы вакциныг хийхээр төлөвлөөд байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20000
0 эможи
keyboard_arrow_up