Б.Солонго:Сүрьеэгийн өвчлөлийн 30 орчим хувийг 15-24 насны залуучууд эзэлдэг

2015 оны 3 сарын 25

2015.03.24-нд Дэлхий нийтээр сүрьеэтэй тэмцэх өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Сүрьеэтэй тэнцэх нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Б.Солонготой ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та бидэнд байгууллагынхаа талаар танилцуулахгүй юу?

Монголын Сүрьеэтэй Тэмцэх Нийгэмлэг (МСТН)нь 1993 онд байгуулагдсан төрийн бус байгууллага юм. Манай нийгэмлэг нь Улаанбаатар хотод байрладаг бөгөөд 21 аймагт салбартай. Монголын Сүрьеэтэй Тэмцэх Нийгэмлэг нь Сүрьеэ Уушигны Өвчинтэй Тэмцэх Олон Улсын Холбоо болон Ази Номхон Далайн Бүсийн Сүрьеэ, Уушигны Өвчинтэй Тэмцэх Холбоо, Стоп ТБ Партнершип олон улсын байгууллагынгишүүнбайгууллагаюм.

 

Монгол Улсад сүрьеэ, уушигны өвчний тархалтыг бууруулах гэсэн эрхэм зорилгынхоо хүрээнд сүрьеэ, уушигны  өвчинтэй тэмцэх, сэргийлэхэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, үйлчилгээ тусламжийг сайжруулах зорилго бүхий төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.

 

Монголын Сүрьеэтэй Тэмцэх Нийгэмлэг нь байгуулагдсан цагаасаа сүрьеэгийн эмч эмнэлгийн ажилтнуудын мэдлэг, ур чадварыг сайжруулах, сүрьеэтэй өвчтөн болон сүрьеэд өртөмтгий бүлгийн хүн ам, олон нийтийн сүрьеэгийн талаарх мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх, сүрьеэгээс сэргийлэхэд олон нийтийн оролцоог бий болгох чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулсаар ирлээ. Сүрьеэтэй тэмцэх нь зөвхөн эмч эмнэлгийн ажилтнуудын ажил үүрэг мэтээр ойлгодог байдлыг өөрчлөх, сүрьеэгээр өвдсөн хүн, өвдөх эрсдэлтэй бүлгийн хүн амын оролцоог сүрьеэгийн хөтөлбөрийн бүх шатанд бий болгох, эмчилгээ үйлчилгээний төвлөрлийг бууруулах, нийт хүн амын дунд зөв мэдлэг мэдээллийг хүртээмжтэй байдлаар хүргэх, ялгаварлан гадуурхалтыг бууруулахад төрийн бус байгууллагын оролцоо маш чухал юм.

-22 жилийн түүхтэй энэхүү байгууллага өнөөдөр нилээд өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг юм байна. Өнөөдрийн байдлаар монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг хэдэн албан хаагч ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна вэ?

Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг нь өнөөдөр 30 орчим ажилтан, 200 гаруй эрүүл мэндийн сайн дурын идэвхитэн, гишүүдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

-Эрүүл мэндийн яам, Глобаль сан, ХӨСҮТ болон бусад байгууллагуудтай хэрхэн хамтарч ажилладаг вэ?

Монголын Сүрьеэтэй Тэмцэх Нийгэмлэг нь 2003 оноос эхлэн Глобаль сангийн сүрьеэгийн төслийн салбар хүлээн авагч байгууллагаар ажиллаж байна. Мөн эрүүл мэнд спортын яам, ХӨСҮТ-ийн сүрьеэгийн тандалт судалгааны алба болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бусад төрийн болон төрийн бус байгуллагуудтай нягт хамтран ажилладаг.

-Олон улсын байгууллагатай ямар хамтын ажиллагаатай вэ? Хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөрийнхөө талаар танилцуулбал.

Монголын Сүрьеэтэй Тэмцэх Нийгэмлэг нь Глобаль сангийн сүрьеэгийн төслийн хүрээнд олон нийтийн дундаас сүрьеэгийн чиглэлээр ажиллах эрүүл мэндийн сайн дурын идэвхитний сүлжээг анхлан бий болгосон бөгөөд энэ нь аймаг дүүргүүдийн сүрьеэгийн диспансерийн төвлөрөл, ажлын ачааллыг бууруулах, сүрьеэгийн талаар мэдлэг мэдээллийг өвчтөн, ар гэрийнхэн, олон нийтийн дунд түгээх, хавьтлын үзлэгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх, сумуудаас аймгийн төв рүү шинжилгээг хүргэх, сүрьеэтэй тэмцэх сэргийлэхэд хувь хүн өөрөө болон ар гэр, хамт олон, олон нийтийн оролцооны чухлыг ойлгуулахад хувь нэмрээ оруулж байна. Сүрьеэгийн эмчилгээ доод тал нь 6 сар үргэлжилдэг бөгөөд өдөр бүр эмч эмнэлгийн ажилтны хяналтан дор эмчилгээгээ хийлгэх шаардлагатай байдаг. Гэтэл сүрьеэгийн эмч эмнэлгийн ажилтнуудын ажлын ачаалалтай холбоотойгоор өдөр бүр бүх өвчтөнд хүрч үйлчлэхэд бэрхшээл тулгардаг. Мөн өвчтний биеийн байдал, ажил төрөл, санхүүгийн байдалтай холбоотойгоор өдөр бүр аймаг дүүргийнхээ сүрьеэгийн диспансер дээр ирж эмээ уухад хүндрэлтэй байдаг. Олон нийтэд суурилсан ДОТС эмчилгээ буюу сүрьеэтэй өвчтний эмчилгээний хяналтыг олон нийтийн дундаас бэлтгэгдсэн сайн дурын идэвхитний тусламжтайгаар явуулснаар эмчилгээний амжилт улсын дунджаас өндөр байгаа нь энэхүү үйл ажиллагааны үр дүнгийн илрэл болж байгаа юм. Мөн сүрьеэтэй өвчтний амьжиргааг дэмжих, орлого нэмэгдүүлэх зорилго бүхий гар урлалын сургалтууд, ЕБС-ийн хүүхдүүдийн дундаас үе тэнгийн сургагч бэлтгэх сургалтуудыг тогтмол давтамжтайгаар зохион байгуулдаг. Төслийн хүрээнд хийгдэж буй бас нэг гол ажлуудын нэг нь өвчтөн, ар гэрийнхэн, эрсдэлт бүлгийн хүн ам, олон нийтийн дунд сүрьеэгээс сэргийлэх зөв мэдлэг мэдээллийг олгох, буруу ташаа мэдээллийг бууруулах мэдээлэл сургалт сурталчилгааны үйл ажиллагаа юм.

Тус нийгэмлэг нь сүрьеэгийн эмч мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор мэргэжлийн сургалтууд болон сүрьеэгийн мэргэжлийн зэргийн шалгалтуудыг зохион байгуулдаг. Тайваний сүрьеэтэй тэмцэх нийгэмлэгтэй байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд жил бүр Тайвань Улсад 21 хоногийн тэтгэлэгт сургалтанд 4 эмчийг хамруулдаг. 

Сүрьеэгийн өвчлөлийн 30 орчим хувийг 15-24 насны залуучууд эзэлдэг. Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг нь Мицубиши корпорацийн санхүүгийн дэмжлэгтэйгээр сүрьеэгийн өвчлөл хамгийн өндөр таван их сургуулийн оюутнуудын дунд “Сүрьеэгүй Монголын төлөө”мэдээлийн аяныг зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд хамрагдсан сургуулийн оюутнуудын сүрьеэгээс сэргийлэх мэдлэгийн түвшин нэмэгдсэн үр дүн гарсан ч цаашид өвчлөлийн нилээдгүй хувийг эзэлж буй энэ насны хүн амын дунд мэдээллийг зөв оновчтой арга замаар хүргэх зайлшгүй хэрэгцээ шаардлагатай байгаа нь харагдаж байсан юм.

Сүрьеэд өртөмхий бүлгийн хүн амын оролцоог сүрьеэтэй тэмцэх сэргийлэх үйл ажиллагааны бүх шатанд хангаж ажиллах буюу сүрьеэтэй өвчтөн, ар гэрийнхэн, өртөмтгий бүлгийн хүн амыг ганцхан эмч, эмнэлгийн байгууллагад найдах бус өөрсдийнхөө эрүүл мэндийн асуудалд идэвхитэй оролцдог болгох нь дэлхий нийтээр баримталж буй чиг хандлага юм. Тиймээс Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг нь Стоп ТБ Партнершип байгууллагын дэмжлэгтэйгээр сүрьеэтэй өвчтнүүд болон тэдний ар гэрийнхэн, сүрьеэгээр өвдөж байсан хүмүүсийн  дунд дэмжигч бүлэг байгуулан ажиллаж байна. Сүрьеэгээр өвдсөн үед сүрьеэтэй өвчтөн болон тэдний гэр бүлийн гишүүдэд сүрьеэгийн оношлогоо эмчилгээтэй холбоотой эсвэл тухайн өвчнөөр өвдсөнөөс нь болоод ойлгохгүй ялгаварлах, ажлаас халах, найз нөхөдгүй болох ганцаардах гэх мэт янз бүрийн бэрхшээл асуудал тулгардаг байна. Сүрьеэгээр өвдсөний дараа өөрт тохиолдсон асуудал бэрхшээлээ даван туулсан нэгэн байхад асуудлаа хэрхэн шийдвэрлэхээ мэдэхгүй хүмүүс байдаг. Эсвэл эмчилгээгээ таслах, гэр бүл найз нөхдөөсөө өөрийгөө тусгаарлах, эргээд улам хүндээр өвдөх, амь насаа алдах зэрэг хүндрэлүүд гардаг.  Дэмжигч бүлгийн гол зорилго нь нэгэндээ сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх, асуудлаа шийдвэрлэх, эмчилгээгээг дуусгахад нь дэмжлэг үзүүлэх юм.

Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19703
0 эможи
keyboard_arrow_up