Өрхийн эмнэлгүүд зүрхний цахилгаан бичлэгийн аппараттай болжээ
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас зүрх судасны өвчний оношилгоо, эмчилгээ, хяналтын чанарыг дээшлүүлэх, эмч нарын мэдлэг, ур чадварыг сайжруулах зорилготой сургалт явууллаа.
Сургалтыг Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сайнбаяр нээж, Эрүүл мэнд, биеийн тамирын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Энхмаа удирдан, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн зүрх судлалын тэнхмийн ахлах багш Н.Баясгалан, Шастины улсын 3 дугаар төв эмнэлгийн Зүрх судлалын тасгийн эрхлэгч Х.Мөнгөн-Өлзий нар хичээлийг заав.
СүхбаатарЭрүүл мэндийн төвийнзүрх судасны кабинетад “Зүрх судасны төв, эх нярайн эрүүл мэнд ба цахим эрүүл мэндийн өргөжил” Люксембургийн MON/005 төслийн хүрээнд зүрхний өнгөт ЭХО аппарат, пульсоксиметр, автомат дуслын систем, иж бүрэн комьпютер,скайнер мөн дүүргийн төсвийн хөрөнгөөр Өрхийн эмнэлгүүдийг зүрхний цахилгаан бичлэгийн аппаратаар хангасан юм.
Иймээс дээрх сургалтаар өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарын зүрхний цочмог шигдээсийн оношилгоо, анхан шатны яаралтай тусламж, зүрхний цомог шигдээсийн эрт ба хожуу үеийн хүндрэл болон зүрхний цахилгаан бичлэг хийж бичлэгээр ялган оношилж, тусламж үзүүлэх чадавхи илүү сайжрах нөхцөл бүрдэж байна.
Манай орын хувьд ЗЦШ-ийн эрт оношлогооны түвшин хангалтгүй (38.9%), титэм судасны цусан хангамжийг нөхөн сэргээх эмчилгээний хүртээмж бага байгаа бөгөөд ЗЦШ-ийн үеийн эмнэлэгийн тусламжийн гол зорилго нь титэм судасны цусан хангамжийг богино хугацаанд эргэн сэргээхэд оршдог байна. Тиймээс зүрхний цочмог шигдээсийн үеийн болон шигдээсийн дараах сэргээн засах тусламж үйлчилгээг үзүүлэх хүний нөөцийн мэдлэг, чадвар, хандлагыг сайжруулах, эмнэлгийн тоног төхөөрөмж, техник технологийн хүчин чадлыг нэмэгдүүлж дэлхийн түвшинд хүрэхүйц тусламж үйлчилгээг үзүүлэх шаардлагатай байна. Зүрхний цочмог шигдээсийг богино хугацаанд оношлох нь нотолгоонд суурилсан эмчилгээ менежментийг үр дүнтэй эхэлж, өвчтөний амь насыг аврахад амин чухал зүйл юм.