Эмч нарт “Эмнэлэг” хэрэгтэй
НӨХГ-аас “Нийслэлийн өмчөөс 2015 онд нэмэлтээр хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт”-аар 21 байгууллага, обьектыг нээлттэй дуудлага худалдаагаар хувьчлах саналыг маргааш НИТХ-ын хуралдаанаар шийдвэрлэхээр болжээ. Үүнтэй холбоотойгоор Монголын эрүүл мэндийн ажилтаны үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр НИТХ-д хандаж эмнэлгийг дахин хувьчлахгүй байхыг шаардан мэдээлэл хийлээ.
Тэд НИТХ-ын дарга, төлөөлөгч болон хотын дарга Э.Бат-Үүл нарт хандан дараах шаардлагыг хүргүүлэхээр болсон байна. Үүнд: Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төвийн барилгыг хувьчлах жагсаалтаас хасч 2015 онд багтаан шинэ барилгын ажлыг эхлүүлэх, “Йонсей найрамдал” эмнэлгийн барилгыг хувьчлах жагсаалтаас хасч “Өргөө амаржих газрын эмэгтэйчүүдийн стационор эсвэл хүүхдийн эмнэлэг болгон зориулалтын барилгыг эмнэлэг хэвээр ашиглах” гэсэн хоёр шаардлагын хариуг энэ сарын 16-ны дотор ирүүлэхийг хүслээ.
Нийслэлийн өмчийн харилцааны газраас дуудлага худалдаагаар хувьчлахаар санал оруулж буй дээрх 21 байгууллагын 14 нь эрүүл мэндийн байгууллага аж. Үүнд Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв, “Йонсей найрамдал” эмнэлэг болон дүүргүүдийн хуучин барилга хамрагдсан байна.
Уг тогтоолын төслөөр Монголд ганцхан гэгдэх Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төвийг ашиглалтгүй хэмээн дуудлага худалдаагаар хувьчлахаар тусгаж, барилгыг акталжээ. Энэ эмнэлгээр дүүргүүдийн шүдний кабинетүүдэд эмчлэх боломжгүй амбулторын мэс ажилбаруудыг хийхээс гадна төлбөр авдаггүй, ачаалал ихтэй эмнэлэг юм. Өнгөрсөн хугацаанд тус төвийнхөн баригдаж буй шинээр баригдах 12 давхар байрандаа орохоор хүлээж хоёр жил гаруй түрээсийн байр сэлгэжээ. Энэ хугацаанд улсын төсөвөөс түрээсийн байрны төлбөрт 22 сая төгрөг, цахилгааны төлбөрт 700 мянга гаруй төгрөгийг сар бүр төлжээ. Харин хүлээгдэж байсан эмнэлгийн зориулалттай 12 давхар байрыг НИТХ-аас дахин хувьчлах асуудал яригдаж эхэлсэн тул эмч, ажилтанууд тууштай тэмцэхээ өнөөдөр албан ёсоор илэрхийлж буй нь энэ юм. Энэ талаар ЭМТ-ын ҮЭ-ийн хороон дарга, их эмч Ц.Ургамалцэцэг “Эрүүл мэндийн байгууллага бол үнэхээр эмзэг, онцгой салбар. Тиймээс хувьчлагдах ёсгүй. Өнөөдөр манай улсын ихэнх иргэд архаг хууч өвчтэй байна. Ачаалалгүй эмнэлэг гэж алга. Хэрвээ НИТХ ард түмнийхээ өмнө хариуцлга хүлээж ажилладаг юм бол зөв шийдвэр гаргаасай гэж хүсч байна. Өнөөдөр байгаа өмчөө өргөтгөхийн оронд хувьчилаад байвал дэлхийн улс оронд гашуун түүх болж үлднэ ” гэв. Мөн жагсаалтад орсон “Ионсей найрамдал” эмнэлгийн барилга нь I амаржих газрын эмэгтэйчүүдийн 100 ортой хэвтэн эмчлүүлэх эмнэлэг байсан бөгөөд нийслэл өмчлөлдөө авч, татан буулгаснаар одоогоор ашиглалтгүй байгаа ажээ.