Эрүүл мэндийн даатгалын багцад ямар шинэ үйлчилгээнүүд нэмэгдсэн бэ
Манай улсын эрүүл мэндийн салбар өндийж чадахгүй байгаа нэгэн шалтгаан нь даатгалын системтэйгээ холбоотой гэж учир мэдэх хүмүүс ярьдаг. Тэгвэл энэ бүхнийг өөрчлөхөөр Засгийн газар Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг санаачлан УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэн, өнгөрсөн нэгдүгээр сарын 29-нд баталсан.
Ингэснээр даатгуулагч жилдээ 1.8 сая төгрөгийн тусламж, үйлчилгээний төлбөрөө өөрөө ашиглаагүй тохиолдолд гэр бүлийн хэн нэгэн гишүүндээ шилжүүлэх эрхтэй болж буй юм.
Мөн эрүүл мэндийн даатгалын багцад өндөр өртөгтэй, шинэ эмчилгээ, үйлчилгээнүүд нэмэгдэн оржээ. Тухайлбал, хавдрын өдрийн, туяаны эмчилгээ, өрх, багийн Эрүүл мэндийн төв болон гэрээр үзүүлэх эмчилгээ, асаргаа, сувилгаа, оношилгооны зардал багтсан байна. Дээрээс нь өртөг өндөртэй мэс заслын тусламж, үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, ортопед, портез, хиймэл эрхтэн зарим цорго эмчилгээнүүд ч оржээ. Мөн энэ хууль хэрэгжиж эхэлснээр аймаг, дүүргийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн нарийн мэргэжлийн эмч нарын жороор бичсэн эмэнд үнийн хөнгөлөлт үзүүлэх юм байна.
Мөн оюутнуудын шимтгэлийг төрөөс хариуцдаг байсныг болиулж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон, өөрсдөөр нь төлүүлэхээр болжээ. Эрүүл мэндийн даатгалын шинэчилсэн хуулийг долдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлнэ.