Цагаан идээ, далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэж заншаарай

2015 оны 2 сарын 12

Хүн бүр урт насалж, эрүүл энх амьдрахыг хүс­дэг.  Тэгвэл хүн төрөлхт­ний мөнхийн гэмээр энэ хүсэл мөрөөдлийг  япон­чууд  амьдрал ахуйдаа хэрэгжүүлж яваа гэвэл хэтрүүлэг болохгүй биз. Учир нь, дэлхийд хамгийн урт насалдаг улс орон бол япончууд.  Тус улсад 100 насны босго давсан иргэ­дийн тоо бараг 37 мянга хүрсэн гэдгийг  Япон улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн бай­даг. Япончуудын өндөр наслалт зөвхөн идэвхтэй амьдралтай холбоотой төдийгүй, хоол хүнстэй холбоотой гэдгийг судлаа­чид онцолдог. Тиймээс  энэ удаа өндөр настнууд­даа зориулсан дараах зөв­лөгөөг Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн Хүүх­дийн тасгийн эмч Д.Наран­гэрэл хүргэж байна.

Өнөө үед  ахмад наст­ны хоолны асуудал дэл­хийн өндөр хөгжилтэй улс орны эрдэмтэн судлаач­дын анхаарлыг зүй ёсоор татаж байна. Дэлхийн олон оронд ахмад настанд зориулсан эмчилгээ-сувиллын чанартай хүнс, хоолны шинэ нэр төрөл, орчин үеийн технологийг боловсруулж баяжуулан хөгжүүлсээр байна. Ийм хоол нь биологийн идэвхт бодис, уураг, өөх тосоор баялаг, зөөлөн, зажлахад хялбар, шингэц сайтай, харь­цангуй хямд үнэтэй байхаар үйлдвэрлэгдсэн байдаг. Гэтэл манай улсад ахмад настны хоолны асууд­лыг шинжлэх ухаа­ны үүднээс шийдвэрлэж чадаагүй, энэ чиглэлээр хийгдэж буй судалгаа, шинжилгээний ажил, са­нал санаачилга хангалт­гүй  байна.  Ахмад настны хувьд, хоол тэжээл нь энергийн хувьд тэнц­вэрж­сэн, түргэн болов­сорч шингэх хоол хэрэг­лэж занших хэрэгтэй юм. Хамгийн гол нь хооллох зөв дэглэмийг баримтлах нь чухал. Энэ нь  насны доройтол, цусны даралт, чихрийн шижин, таргалалт, хавдрын өвчин эмгэг зэргээс урьдчилан сэргий­лэх нөхцөл болно.

АХМАД НАСТНУУД ЯМАР ХООЛ ХҮНС ХЭРЭГЛЭХ ВЭ?

С аминдэмээр баялаг хоол тогтмол хэрэглэх зайлш­гүй шаардлагатай. Ингэснээр зүрх-судасны өвчин эмгэгээс сэргийлж чадна. Түүнчлэн кальци, кали, төмрийн агууламж­тай хүнс хоолыг хэрэглэ­вэл зохино. Малын махны оронд  загас, да­лайн гаралтай амьтны мах, түүнчлэн далайн байцааг хоолондоо түлхүү хэрэглэхийг эмч нар зөв­лөдөг. Мөн эслэг ихтэй вандуй, шош,  хүрэн ман­жин, байцаа зэрэг ногоо, алим, түүнчлэн арвайн гурил, хивэг, хар талх, хөх тарианы гурил, түүгээр хийсэн бүтээгдэхүүн, хөц будаа, шар будааг хоолон­доо түлхүү хэрэглэх шаард­лагатай. Ахмад настнуу­дын хоолны цэсэнд бараан мах, загас, ногооны шөл, дээр өгүүлсэн эслэг ихтэй бүтээгдэхүүн, сүү,төрөл бүрийн жимс, жимсгэнэ, тэдгээрээр бэлтгэсэн шүүс, компот, кисель, суфле, нухаш, тослог багатай аарц, бяс­лаг, тараг, йогурт зэрэг сүүн бүтээгдэхүүнийг тогт­мол  оруулах нь зүйтэй. Мөн долоо хоногт 2-3 шир­хэг чанасан өндөг идэж байхыг зөвлөдөг. Ахмад настны хувьд өдөрт таваас доошгүй удаа бага хэмжээгээр хооллох, ингэхдээ хоолны нэр төрөл аль болох олон байхаар зохицуулах нь чухал.

ХАЛУУН НОГООТОЙ, ЧИХЭРЛЭГ ХООЛ ХЭРЭГЛЭХ ХЭРЭГГҮЙ

70 настай хүний нэг хоногт хэрэглэх хоолны хэмжээ 25-30 настай хүний хоногийн хоолны нормын 2/3-оос илүүгүй байдгийг судлаачид тог­тоо­жээ. Иймд ахмад нас­тан нэг дор хэт цадталаа хооллохгүй байхыг эмч нар зөвлөдөг. Ахмад насны хүмүүст нүүрс усыг аль болох хязгаартай хэрэг­лэхийг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна. Нүүрс ус ихтэй хүнс хоол (улаан буудайн нэг болон дээд гурил, түүгээр хийсэн бүтээг­дэхүүн, сахар, чихэрлэг бүтээгдэхүүн г.м.) хэт­рүүлж хэрэглэвэл орга­низм дахь нүүрс усны төдийгүй липидийн боди­сын солилцоо хямрахаас гадна хоол боловсруулах эрхтний хэвийн ажил­лагаанд сөргөөр нөлөөл­дөг. Харин гоймонгийн зүйл, шош, цагаан будаа­тай хоол, түүнчлэн улаан лууван, хурган чих, буу­цай зэрэг ногоогоор хий­сэн шанцайн зүйлийг  хяз­­гаартай хэрэглэх шаард­лагатай. Ахмад настнууд чинжүү, повоор гэхчилэн  халуун ногоо, ааг амттанг хоолондоо хэ­рэглэхгүй байх нь зүйтэй. Түүнчлэн согтууруулах ундааг ялангуяа шөнийн цагаар хэрэглэхгүй байх, давсалсан, дарсан ногоо, утсан загас, хиам зэрэг давслаг бүтээгдэхүүн, өөх тосны зүйл, хүчтэй хий­жүүл­сэн ундаа, квас зэргээс аль болох татгалзах хэрэгтэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17571
0 эможи
keyboard_arrow_up