Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба хувийн эмнэлэгүүдийн төлөөлөлтэй уулзлаа
Өнөөдөр Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба хувийн хэвшлийн эмнэлэгүүдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Өнөөдрийн байдлаар манай улсын эрүүл мэндийн салбарт 1000 гаруй хувийн эмнэлэг үйл ажиллагаа явуулж байна. Эрүүл мэндийн салбарын ачааны багагүй хэсгийг нуруун дээрээ үүрч яваа хувийн эмнэлэгүүдийн төлөөлөл сайдад тулгамдаж байгаа асуудлаа танилцуулж, шийдвэрлэх гарц замыг хамтдаа эрэлхийллээ.
Улсын эмнэлэгт насаараа ажиллаад тэтгэвэрт гарч байгаа эмч эмнэлгийн ажилчид 36 сарын цалингийн тэтгэмж авдаг, гэтэл хувийн эмнэлэгт ажиллаж байгаад тэтгэвэртээ гарч байгаа эмч эмнэлгийн ажилтнууд энэ тэтгэмжийг авах боломжгүй байдаг. Тиймээс эрүүл мэндийн тухай хуулийн 29.2 -р заалтыг өөрчлөж адилхан эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эмч ажилчидаа төрийн, хувийн гэлтгүй тэтгэмжинд хамруулах боломжийг нээж өгөхийг салбарын сайдаасаа хүсч байлаа.
Түүнчлэн сургуулиа төгсөөд шууд хувийн хэвшилд ажилласан эмч нар Эрүүл мэндийн сайдын 68-р тушаалаар мэргэжил дээшлүүлэх боломжгүй болоод байгааг шинэ сайд эргэн харж энэхүү журманд өөрчлөлт оруулж, эмч мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх нарийн мэргэжлийн эмч нарыг бэлтгэх тогтолцоог шинэчлэх шаардлагатай байгааг хэлж байсан юм.
Энэ мэт хувийн эмнэлэгүүдэд тулгамдаж байгаа олон асуудлыг салбарыхаа хэмжээнд хамтдаа шийдвэрлэх шаардлагатай байгааг уламжилж салбарын сайд ч салбарынхаа хүрээнд цаашлаад Засгийн газар УИХ-д асуудлыг хүргүүлэн хувийн хэвшлийхэнтэйгээ хамтран ажиллахаа уламжиллаа.