“Айвико” эмийн үйлдвэрт Үндэсний GMP-ийн батламжийг гардуулан өглөө
Эм үйлдвэрлэлийн зохистой дадал (GMP)-ын хэрэгжилтэд хийсэн хяналт, үнэлгээний тайлангийн дүнг үндэслэн “АЙВИКО” эмийн үйлдвэрт Үндэсний GMP-ийн шаардлага хангасан батламжийг өнөөдөр/2015.01.27/ Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба гардуулан өглөө.
2014 оны 11 дүгээр сард Эрүүл мэнд, спортын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хамтарсан хяналт, үнэлгээгээр тус тарилгын эмийн үйлдвэр нь “Эмийн үйлдвэрт тавих ерөнхий шаардлага” MNS 5524: 2014 стандартын хэрэгжилт хангалттай гэсэн дүгнэлтийг гаргажээ. Улмаар 12 дугаар сарын 19-ны өдрийн ЭМСЯ-ны дэргэдэх Хүний эмийн зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн Эрүүл мэнд спортын сайдын тушаалаар Үндэсний GMP-ийн батламж олгохоор болсон юм.
АЙВИКО ХХК-ны гүйцэтгэх захирал Л.Цэрэндорж “Тус үйлдвэр нь нийт 80 орчим бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Дотоодын зах зээлийн 60-70 хувийг хангаж байгаа бөгөөд цаашлаад 100 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөж байна” гэв.