Эрүүл мэндийн салбарт энэ долоо хоногт Хэн, Юу хэлэв?
Эрүүл мэндийн салбарт энэ долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. /2015.01.16- 2015.01.22/
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг: 300 мянган иргэнд 45 ортой төрөх эмнэлэг үйлчилдэг нь шударга уу
“Араваад хоногийн дараа гурван сая дахь иргэн төрөх гэж байна. Гурван сая дахь иргэндээ байр, мөнгө өгнө гэж мэдэгдэж байгаа хэдий ч амьдрал дээр төрөлт нэмэгдэж байгааг Засгийн газар, төр юу хийж байгааг харах хэрэгтэй. Яг үнэндээ төсвөөс III амаржих газрын шинэ барилгыг барьж дуусгах 1.7 тэрбум төгрөгийг хасчихсан. Эмэгтэй гишүүдийн зүгээс төсвийн тодотголд энэ мөнгийг суулгаж, ирэх дөрөвдүгээр сар гэхэд барилгыг ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Хүүхэд эхчүүдэд бэлэн мөнгө тарааж байгаа ч тэдэнд яг хэрэгтэй төрөх эмнэлэг, хүүхдийн эмнэлэгт хөрөнгө оруулахгүй байна гэдгийг энэ жил эмнэлгийн барилгын ажил баталж байгаа юм” гэв. / Ардчилал 2015.1.19 №10,11/
ХУД-ийн Нэгдсэн эмнэлгийн дарга Д.Бааст: 2014 онд эмнэлгийн үйлчилгээг хүртээмжтэй, чирэгдэлгүй үзүүлж үйлчлүүлэгчдийн талархлыг хүлээлээ
2014 оныг Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлаад энэ ажлын хүрээнд ажил, үйлчилгээгээ явууллаа. Өнгөрсөн жил хүний нөөцийн хангалт, эмнэлгийн ажилтны мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх, эмнэлгийн үйл ажиллагааны технологийг шинэчлэх төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, тусламж үйлчилгээний хүрээг өргөжүүлэх гэх мэтчилэн олон бүтээлч ажлуудыг хийсэн. Зөвхөн эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд хийсэн ажлууд гэвэл дэд бүтцийн нөөцийн хангалт, үйлчилгээний тал дээр анхаарч орчныг цэцэрлэгжүүлэх, эмнэлгийн орчин эдэлбэр газрыг тохижуулах, эмнэлэгийн дотор тохижилтыг сайжруулах олон ажлуудыг зохион байгуулсан.
Бид өнгөрсөн онд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тал дээр олон ажлыг хийсэн. Эмнэлгийн хоол үйлдвэрлэл үйлчилгээ загвар гол тогоо гэдэг сэдвээр бид нйислэл дүүргийн хэмжээнд удаа дараагийн үзүүлэх сургалтыг зохион байгуулсан. / Нийслэл таймс 2015.01.16 №09/
ЭХЭМҮТийн Хүүхдийн зөвлөх, поликлиникийн тасгийн эрхлэгч Ж.Нармандах: Ханиад томуу их байгаа нь агаарын бохирдолтой холбоотой
Ханиад томуу их байгаа нь нэгдүгээрт улирлын чанартай, хоёрдугаарт, агаарын бохирдолтой холбоотой. Илүү их өвчлөлд өртөөд байгаа эртхэн бол амьсгалын систем. Тиймээс хүүхдийг гэр болон цэцэрлэг, сургууль дээр нь зөв хувцастай байлгах хэрэгтэй. Хүүхдийг аль болох хөлөргөхгүй байвал сайн. Хүүхэд буруу хувцас өмссөнөөс болж хөлөрдөг. Ингэснээр биеийнхээ шингэнийг их хэмжээгээр гадагш алдаж байна гэсэн үг. Энэ нь ханиад томуу тусах үндсэн шалтгаан болдог юм. Өөрөөр хэлбэл, амьсгалын замаар халдсан вирус, нян цусанд орж үржиж байна гэсэн үг. /emch.mn 2015.01.22/
Эм ханган нийлүүлэгч байгууллагын холбоодын ерөнхийлөгч Б.Цэндээхүү: Импортын эмийг эмч, эмийн санч тайлбарлахад хангалттай гэв үү?
“Манай орон гуравхан сая хүн амтай. 100 гаруй эм ханган нийлүүлэх байгууллагатай. Үйлдвэрлэгчээсээ бага тоогоор худалдаж авдаг. Тэгэхээр томоохон үйлдвэрүүд бага хэмжээний бүтээгдэхүүн дээр монгол орчуулга хэвлэж гаргахгүй. Тиймээс хайрцаг бүрт монгол заавар хийнэ гэдэг хүндрэлтэй. Эмийн бүрэн бүтэн байдал, чанар алдагдахаас эхлээд эрсдэлтэй. Эмийн санч, эмч нарт орчуулгын зааврыг өгсөний үндсэн дээр хэрэглэгчийг үнэн зөв мэдээллээр хангах боломжтой” гэв /Зууны мэдээ 2015.19 №11 /
ҮСХ-ны Хүн ам, орон сууцны тооллогын товчооны дарга А.Амарбал: Гадны оронд мэндэлсэн хүүхдийг ч гурван сая дахь иргэнд тооцно
Гурван сая дахь иргэнийг тодруулахдаа төрсөн, он, сар, өдөр, цаг, минутаар эрэмбэлэн Улаанбаатарын цагаар тодруулна. Ингэхдээ Улаанбаатарын цагаас нэг цагийн зөрүүтэй баруун гурван аймаг мөн гадаадад төрсөн хүүхдийн мэндэлсэн цагийг Улаанбаатарын цагт шилжүүлэн бүртгэх юм. /emch.mn 2015.01.22/
"Чин ачлал эмнэлгийн" захирал, анагаах ухааны доктор Н.Мөнхчимэг: Жирэмсэн эхчүүд хүчилтөрөгчийн дутагдлаас сэргийлснээр ирээдүйд учирч болох маш том эрсдэлийг арилгадаг
Өнөөгийн агаарын бохирдлоос шалтгаалан бидэнд хүчилтөрөгч дутагдаж, хорт бодисоор амьсгалснаар олон янзын өвчин тусаж байна. Ураг хүчилтөрөгчийн дутагдалд орвол тархины мэдрэлийн эсийн хөгжил нь муудаж, эсвэл бүр хөгжихгүй болж хэрт хөдөлгөөнтэй болон хөдөлгөөн хэт багатай, са саажилттай хүүхэд төрөх эрсдэлтэй болдог. Иймээс хүчилтөрөгчийн дутагдлаас сэргийлснээр ирээдүйд гарч болох маш том эрсдэлийг арилгадаг.
/ Өнөөдөр 2015.01.20 №014 /
"Суурь" компаний зөвлөх инженер О.Жадамбаа: ХСҮТ-ийн өргөлтгөлийн төсөв шийдэгдэхгүй бол шүүхэд хандана
ХСҮТ-ийн өргөлтгөлийн барилгад 3.1 тэрбум гэж эхний хэлэлцүүлгээр батлагдсан ч дахин татаад УИХ дээр хэлэлцэж байна гэсэн. Хасчихгүй байх гэсэн горьдлоготой байна. Энэ хөрөнгө нь одоогийн байгаа зураг төслөөр бол болно. Зураг төсөл нэмж хийгдвэл өөрчлөгдөх байх. Барилгын ажил одоо 70 хувьтай явж байна. Хэрэв хөрөнгө нь шийдэгдчихвэл газар гэсэхээр ажлаа эхлүүлэхэд боломжтой.Яамнаас бол хөрөнгийг нь төсөвлөчихөөд л байгаа юм билээ. /Зууны мэдээ 2015.01.21 №13/
“Голден жим” фитнесс клубийн компанийн захирал Д.Баянмөнх: Чихрийн шижинтэй хүмүүст зориулсан хөтөлбөр хэрэгжүүлж байна
“Манай фитнесс клуб байгуулагдаад таван жил болж байна. Энэ хугацаанд бид 500 гаруй хүнд үйлчилжээ. Эдийн засаг хүндхэн байгаа энэ үед бид чихрийн шижинтэй хүмүүст зориулсан хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Манай клуб дөрвөн салбартай. Салбар бүрт мэргэжлийн эмч нар ажиллаж, хүмүүст зөв хооллолт эрүүл амьдралын талаар зөвлөгөө өгдөг. Үүний хүрээнд чихрийн шижинтэй хүмүүст зориулсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр шийдсэн юм” / Монголын үнэн 2015.1.19 №011/