Эх баригч нарт зориулсан сургалт боллоо
Монгол улсын гурван сая дахь иргэнийг хүлээн авах арга хэмжээний хүрээнд эх баригч нарт зориулсан сургалтыг өнөөдөр /2015.01.16/ Эрүүл мэнд, спортын яам “Эх баригч, бага эмч нарын нийгэмлэг”-тэй хамтран зохион байгууллаа. Тус сургалтад ЭХЭМҮТ, Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа амаржих газруудын 100 орчим эх баригч оролцлоо. Сургалтын эхэнд Эрүүл мэнд, спортын сайдын “Зохион байгуулалтын арга хэмжээ авах” тухай 2015 оны 06 дугаар тушаалыг танилцуулав. Уг тушаалаар Монгол улсын 3 сая дахь иргэнийг тодруулахад төрөлтийг бүртгэх, мэдээлэх, эх нярайд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг баталжээ. Түүнчлэн хүрэлцэн ирсэн эх баригчдад зориулж гурван сая дахь иргэнээ хүлээж авах, төрөлтийг бүртгэх, мэдээлэх болон эхийг эсэн мэнд амаржуулах, нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламжийн талаар мэргэжлийн сургалт явууллаа.