Д.Бааст:Эмнэлгийн үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулахад анхаарсан жил байх болно

2015 оны 1 сарын 15

Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн дарга Анагаах ухааны магистр, Нийгмийн удирдлагын менежер, Эрүүл мэндийн удирдлагын тэргүүлэх зэрэгтэй,  дотрын их эмч Д.Баасттай 2015 хийх ажлын талаар ярилцлаа.

 

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Шинэ он дөнгөж эхлэж байна. 2015 оны зорилго зорилтоос тань ярилцлагаа эхлүүлье.
2015 он бидний хувьд их онцлогтой жил болж байна. Бид үндсэн гурван чиглэлд зорилт гарган ажиллахаар төлөвлөсөн. Нэгдүгээрт Хан-Уул дүүрэг үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ой, нэгдсэн эмнэлэг үүсгэн байгуулагдсаны 35 жилийн ойг тохиолдуулан тодорхой ажлуудыг хийнэ. Хоёрдугаарт 2012-2016 онд хэрэгжүүлж байгаа Хан-Уул нэгдсэн эмнэлгийн хөгжлийн хөтөлбөрийн зорилтуудыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, улам эрчимжүүлэх тал дээр анхаарч ажиллах,  гуравдугаарт эмч эмнэлгийн ажилтны бүтээлч хандлага, бүтээлч үйлсийг нэмэгдүүлэх, эмнэлгийн үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулахад чиглэсэн олон ажлыг зохион байгуулна.
-Хан-Уул дүүрэг үүсгэн байгуулагдсаны 50 жил, Нэгдсэн эмнэлэг үүсгэн байгуулагдсаны 35 жилийн давхардсан ой тохиож байна.Таны бодлоор ой тэмдэглэснээр ямар үр дүнд хүрэх вэ?
Хэдийгээр улс орны эдийн засгийн байдал хүндхэн байгаа ч ой тэмдэглэнэ гэдэг бол өөрөө их бүтээн байгуулалтыг өрнүүлэх, иргэдийн идэвхийг нэмэгдүүлэх, хүний нөөцийг чадавхижуулах том ажил байдаг. Нөгөө талаасаа олсон ололт амжилтаа дүгнэх, бид юун дээр алдав, юунд хүрэв, цаашдын зорилго юу  вэ,  ирээдүйн зорилгоо тодорхойлоход нэн ач холбогдолтой ажил юм.
-Дүүргийн зүгээс танай хамт олныг хэрхэн дэмжиж ажилладаг вэ?
2014 онд эмнэлгийн дэд бүтцийг сайжруулахад дүүргийн зүгээс нилээд дэмжлэг үзүүлсэн. Дүүрэг орон нутгийн  санхүүжилтээр эмнэлгийн подволийн хэсгийн бохирын шугамыг бүрэн шинэчилсэн. Энэ нь эмнэлгийн хэвийн үйл ажиллагааг  сайжруулахад  нэн ач холбогдолтой ажил болсон. Дүүргээс “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” урт хугацааны хөтөлбөр хэрэгжиж байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд манай  эмнэлгийн “Хүүхэд хөгжил, хамгаалал “ гэсэн төсөл шалгарч автомат биохимийн анализатор, хүүхэд эмэгтэйчүүдийн ЭХО гэсэн хоёр аппарат тоног төхөөрөмжийг орон нутгийн хөгжлийн санхүүжилтээр авч иргэддээ үйлчилгээгээ хүргэж байна. Үүн дээр онцолж хэлэх нэг зүйл бол дүүргийн Засаг дарга, дүүргийн Засаг даргын орлогчид, ИТХурлын төлөөлөгчийн суудлын зардлаараа  хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт нэн шаардлагатай байсан цахилгаан тариурын асуудлыг  шийдэж өгсөнд манай эмнэлгийн хамт олон их баяртай байгаа.
-Улс, нийслэлийн хэмжээнд олон тооны төсөл хөтөлбөрүүд хэрэгждэг. Танай эмнэлгийн хувьд энэ жил ямар төсөл хөтөлбөрүүд хэрэгжих вэ?
Өнгөрсөн жил манай эмнэлэг дээр Дэлхийн зөн олон улсын байгууллага,  ХААН банк, Солонгосын WITH ТББ, болон Samsung, MCS property компаниудын төсөл хөтөлбөрүүд хэрэгжсэн. Бид Хаан банкны санхүүжилтээр Яармаг- 2 эх хүүхдэд зориулсан бичил цэцэрлэгт хүрээлэнг байгуулсан. Энэ цэцэрлэгийг тохижуулах ажлын хүрээнд 50 гаруй мод бутлаг ургамал тарьж, эх хүүхдэд зориулсан амрах орчинг бүрдүүлэв. Өнгөрсөн онд төсөв хэдийгээр хэцүү байсан боловч бид нийтдээ эмнэлгийн хэмжээнд 54 нэр төрлийн 124 аппарат, багаж тоног төхөөрөмжөөр хангагдсан. Энэ хангалтын дийлэнхи нь төслийн хөрөнгө оруулалтаар, хандивлагч байгууллагын санхүүжилтээр хийгдсэн байна. Үүнээс гадна эмнэлгийн тусламж үйлчилгээний техник, технологийг сайжруулах тал дээр нилээд анхаарч ажилласан ба онцлог төслүүдийг дурьдвал: Нэгдүгээрт Samsung болон MCS property компанитай хамтран хүүхдийн тасгийн хүүхэд саатуулах өрөө, эрчимт эмчилгээний дараахь өрөө, суурь тусламжийн өрөө, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өрөөнүүдийг шинээр зохион байгуулж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр ханган үйлчилгээний чанарыг сайжруулсан.  Хоёрдугаарт, Солонгос улсын  Хаман сумийн тусламжаар эмнэлгийн зориулалтын автомашинтай болсон. Гуравдугаарт, манай эмнэлэг Дэлхийн зөн олон улсын байгууллагатай байнгын харилцаатай байдаг ба эрчимт эмчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хандив тусламжаар авч үйлчилгээнд ашигласан. Нийтдээ төслийн хүрээнд 80 гаруй сая төгрөгийн санхүүжилт хийгдсэн. Харин энэ жил Солонгосын WITH ТББ-тай хамтарсан төсөл үргэлжлэн хэрэгжинэ.
-WITH ТББ ямар төслийг хэрэгжүүлж байгаа вэ?  
 Бид 2013 оны 12 сараас эхлэн гурван жилийн хугацаатай  “ЭХ-ГАЛ” төслийг Солонгосын WITH ТББ  хамтран хэрэгжүүлж байна. Энэ төслийн маань зорилго нь өвчтөнүүдэд өгч байгаа хоол, шим тэжээлийн  үйлчилгээг чанарын шинэ түвшинд гаргахад оршдог. Энэ төслийн хүрээнд эмнэлгийн гал тогооны барилгын засварын ажлыг иж бүрнээр нь хийж, шаардлагатай бүх тоног төхөөрөмжөөр тоноглосон. Дээрээс нь хоол шим тэжээлийн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж жинхэнэ утгаар нь эмчилгээний хоолоор иргэдэд үйлчилж байна. Мөн өвчтөнд хүрдэг хоолыг халуунаар нь хүргэж өгөхийг хичээж энэ жил лифтны асуудлыг тус төслийн хүрээнд шийдэхээр болсон. Энэ төслийн хүрээнд одоогоор 165 гаруй сая төгрөгийн санхүүжилтийг аваад байгаа бөгөөд цаашдаа энэ ажил үргэлжилнэ.
-Танай эмнэлэгт тулгамдаж байгаа асуудал юу байна?
Өнгөрсөн оны хувьд  Нэгдсэн эмнэлэгт тулгамдсан асуудал нь эмчилгээний тасгийн агааржуулалт байсан. Бид энэ асуудлыг Нийслэлийн Засаг даргаас олгосон шагналын мөнгөний тодорхой хэсгээр шийдсэн. Мөн цаашид засч сайжруулах ёстой тулгамдсан асуудал гэвэл эмнэлэг төвлөрсөн усан хангамж, төвлөрсөн халаалтын системд холбогдоогүй учраас халуун ус, халаалтны доголдол үүсэх асуудал гардаг. Үүнийг нэгдүгээрт шийдвэрлэх хэрэгтэй байна. Мөн  эмч, эмнэлгийн ажилтны ёс зүйн харилцаа хандлагыг сайжруулах тал дээр нилээн ажлууд хийх хэрэгтэй байгаа. Энэ тал дээр ахиц гарч байгаа хэдий ч  улам сайжруулж, төлөвшүүлэх нь манай эмнэлгийн зорилт болоод ажиллаж байна. Манайхаар үйлчлүүлж байгаа өвчтөнүүдээс ойлгомжтой, эелдэг харилцаатай, аюулгүй байдлыг хангасан, эрүүл мэндийн талаар сайн зөвлөгөө авах нөхцлүүдийг нэмэгдүүлэх санал хүсэлтүүд ирэх болсон нь бидний ажлыг үнэлж байгаа үнэлэмж гэж хүлээн авч байгаа. Бид хэрэглэгчийн  буюу  үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн судалгаан дээрээ үндэслээд 2015 онд хийх ажлаа төлөвлөж байна.  
-Ярилцсанд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15820
0 эможи
keyboard_arrow_up