Тархины судасны өндөр үнэтэй оношлогоог монголд үнэгүй хийдэг болжээ

2015 оны 1 сарын 14

П.Н.Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлэг өнгөрсөн оны сүүлчээр допплер буюу тархины судсанд нарийн мэргэжлийн шинжилгээ хийх хүчин чадалтай аппараттай болжээ. Энэ талаар тус эмнэлгийн Мэдрэлийн төвийн дарга, тархины судасны допплерографийн эмч П.Алтанцэцэгээс тодрууллаа.

-Тархины судасны өвчин манай улсад хэр их байдаг вэ. Допплерийн санхүүжилтийг нь хэрхэн шийдвэрлэв?
-Тархины судасны эмгэгээс улбаалсан өвчин улс орнуудад их байдаг. Манай улс энэхүү халдварт бус өвчнөөс шалтгаалсан хүн амын нас баралтаар дэлхийд хоёрдугаарт ордог. Техник технологийн хоцрогдмол байдлаас болоод өвчтөнд амьдрах баталгаа бүрэн өгч чаддаггүй байсан юм.

Үүнийг харгалзан үзэж, 2013 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Мянганы хөгжлийн сорилтын сангийн санхүүжилтээр Улсын III төв эмнэлэгт 20 ортой Харвалтын тасаг байгуулсан. Энэ удаад тархины судасны допплерографийн хамгийн сүүлийн үеийн 16 гГц, датчигийн аппараттай болсноор тархины нарийн шинжилгээ авах боломж бүрдлээ.

-Монгол Улсад анх удаа допплерографийн аппаратаар оношилгоо хийж байгаа юу. Аппаратаа хаанаас авсан бэ?
-2013 онд Мянганы хөгжлийн сорилтын сан манай улсын тархины харвалттай өвчтөнүүдэд зориулан 20 монитор, дагалдах хэрэгсэлтэй нь нийлүүлсэн. Мөн мэдрэлийн мэс засал, нуруу нугасны хагалгааны тоног төхөөрөмж өгсөн бол өнгөрсөн оны сүүлчээр тархины судсанд нарийн мэргэжлийн оношилгоо хийх боломжтой, хагалгааны үед ашигладаг хяналтын гурван аппарат өгсөн. Ингэснээр Монголд анх удаа, дэлхийн стандарт хангасан шинжилгээ хийх боломж бүрдсэн юм. Оношилгооны шинэ аппарат Герман улсын DWL брэндийнх.

-Энэхүү аппаратыг ажиллуулах мэргэжилтнээ хаана бэлтгэсэн бэ?
-Тархины судасны оношилгоог би өөрөө ахлан хийж байгаа. Миний хувьд Эрхүү хотын Анагаах ухааны их сургуулийг мэдрэлийн эмч мэргэжлээр төгссөн. Тархины судасны допплерографиар мэргэшин Сингапур, Солонгосын эмнэлгүүдэд ийм аппараттай танилцан, сургалтад хамрагдсан. Тиймээс энэ аппаратыг ашиглахад бэрхшээл байгаагүй.

-Одоогоор хэдэн хүн оношлуулаад байгаа вэ?
-Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 8-наас эхлэн оношилгоо хийсэн. Одоогийн байдлаар 13 хүн хагалгаанд орсон байна. Бүх хагалгаа амжилттай болсон. Түүнчлэн хагалгаанд орсон өвчтөнүүдийн биеийн байдлыг хянаж, эмчилгээ хийж байна. Энэ төрлийн хагалгааг гадаадад хийлгэхэд маш өндөр төлбөртэй. Харин манай эмнэлэгт үнэгүй хийж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15780
0 эможи
keyboard_arrow_up