Д.Бааст:2014 онд эмнэлгийн үйлчилгээг хүртээмжтэй, чирэгдэлгүй үзүүлж үйлчлүүлэгчдийн талархалыг хүлээлээ

2015 оны 1 сарын 13

Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн дарга Анагаах ухааны магистр, Нийгмийн удирдлагын менежер, Эрүүл мэндийн удирдлагын тэргүүлэх зэрэгтэй,  дотрын их эмч Д.Баасттай хийсэн ярилцлагыг хүргэж байна.

 

 Сайн байна уу. Танд шинэ оны мэнд хүргэе. Мөн танай байгууллагын хамт олонд 2014 оны “Нийслэлийн шилдэг эмнэлгийн байгууллага”-аар шалгарсанд баяр хүргэе.
Баярлалаа. Танд болон танай хамт олонд шинэ оны мэнд хүргэе. 2014 он бидний хувьд их ажлын жил байлаа. Манай эмнэлэг 2014 онд нийслэлийн хэмжээнд хоёр дахь удаагаа “Нийслэлийн шилдэг эмнэлгийн байгууллага”-аар шалгарсан амжилттайгаар хуучин оноо үдлээ. Энэ дашрамд нийслэл, дүүргийн хэмжээнд ажиллаж байгаа нийт эмнэлгийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж, тэнд ажиллаж байгаа эмч эмнэлгийн ажилтны нийгмийн асуудлыг хангах талаар анхаарал тавьж ажилладаг нийслэл,  дүүргийн удирдлагууддаа баярласнаа илэрхийлье.
2014 онд Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг ямар ажлуудыг хийж гүйцэтгэв.
2014 оныг Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлаад энэ  ажлын хүрээнд ажил, үйлчилгээгээ явууллаа. Өнгөрсөн жил хүний нөөцийн хангалт, эмнэлгийн ажилтны мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх, эмнэлгийн үйл ажиллагааны технологийг шинэчлэх төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, тусламж үйлчилгээний хүрээг өргөжүүлэх гэх мэтчилэн олон бүтээлч ажлуудыг хийсэн. Зөвхөн эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд хийсэн ажлууд гэвэл дэд бүтцийн нөөцийн хангалт, үйлчилгээний тал дээр анхаарч орчныг цэцэрлэгжүүлэх, эмнэлгийн орчин эдэлбэр газрыг тохижуулах, эмнэлэгийн дотор тохижилтыг сайжруулах олон ажлуудыг зохион байгуулсан.
Дээр дурьдсан ажлуудаа дэлгэрүүлбэл?
 Томоохон ажлуудаас дурьдвал эмнэлгийн цэвэр усны болон гал тогооны сантехникийн засвар, эмнэлгийн төв корпусын засвар, захиргаа оношлогоо үйлчилгээний тасаг, хүүхдийн тасгийн засварыг хийж эмнэлгийн ээлтэй орчныг бүрдүүлсэн. Мөн эмнэлгийн барилгын туслах объектуудын засварын ажлыг хийж , хүүхдийн тасгийн хүүхэд саатуулах өрөө, эрчимт эмчилгээний дараах өрөө, суурь тусламжийн өрөө, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өрөөнүүдийг шинээр байгуулав. Эмнэлэг маань 2014 онд 15 шинэ үйлчилгээг нэвтрүүлсэн ба энэ ажлын хамгийн ач холбогдолтой нь хүүхдийн суурь тусламж юм. Хүүхдэд үзүүлж байгаа анхан шатны тусламж үйлчилгээг тасагт нь хүртээмжтэй, чирэгдэлгүй үзүүлж эхэлсэн нь үйлчлүүлэгчдийн талархалыг хүлээсэн ажил болсон. Дээрхээс гадна хөдөлгөөнт засал эмчилгээ, бариа засал, цахилгаан массаж, хүүхдийн эхо оношлогоо, биохимийн автомат анализатор зэрэг  үйлчилгээг нэвтрүүлсэн.
2014 онд иргэдэд зориулсан ямар ажлуудыг зохион байгуулсан бэ? Сургалт сурталчилгааны ажлыг хэрхэн зохион байгуулав?
Бид өнгөрсөн онд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний  тал дээр олон ажлыг хийсэн. Сургууль, хүүхдийн байгууллага, хороодод хүрч ажиллах  чиглэлээр нилээд ажлыг зохион байгууллаа. Мөн эх хүүхдэд зориулсан эрүүл мэндийн боловсрол олгох  зайн  сургалтыг зохион байгуулсан бөгөөд  МҮОНРТ, NTV, Like, Star гэсэн телевизүүдтэй хамтран телевизийн сургалт, сурталчилгааг есөн удаа явуулсан. Орчныг цэцэрлэгжүүлэх ажлын хүрээнд Яармагийн үйлчлэх хүрээний 63, 34-Р сургууль, 12-р цэцэрлэг, дөрөвдүгээр хороотой хамтран ажиллах гэрээ байгуулж өнгөрөгч хугацаанд хүүхдүүдэд үзлэг хийх, нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулах, эрүүл мэндийн боловсрол олгох, сургалт сурталчилгааг нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг зохион байгуулсан.
Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн жил “Эмнэлгийн хоол үйлдвэрлэл үйлчилгээ загвар гал тогоо” сэдвээр үзүүлэх сургалт зохион байгуулсан байсан. Энэ талаар дэлгэрэнгүй ярьвал.
 “Эмнэлгийн хоол үйлдвэрлэл үйлчилгээ загвар гал тогоо” гэдэг сэдвээр бид нийслэл, дүүргийн хэмжээнд удаа дараагийн үзүүлэх сургалтыг зохион байгуулсан. Улсын хэмжээнд загвар, ЭМШУИС болон Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн хувьд сургалтын түшиц бааз нь болсон. Энэ нь бидний бас нэг амжилт юм. Үүнээс гадна бид өнгөрсөн жил бага насны хүүхдүүдэд үзүүлэх сувилахуйн тусламж үйлчилгээг өргөтгөж, дүүргийн хэмжээний үзүүлэх сургуулийг амжилттай зохион байгууллаа.  Манай сувилахуйн алба маань дүүрэгтээ ажил мэргэжлийн хувьд шалгарч ажил мэргэжлийн уралдаанд тэргүүн байранд орсон.
Өнгөрөгч онд эдийн засгийн байдал хүндхэн байлаа. Эмнэлэгийн төсвийн зарцуулалтын асуудлыг хэрхэн зохицуулсан бэ?
Өнгөрөгч онд эдийн засгийн байдлаас шалтгаалж  санхүү төсөв хөрөнгийн ашиглалтыг сайжруулах асуудал тулгарч гарч ирсэн. Үүнтэй холбоотойгоор эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилтны эдийн засгийн мэдлэгийг дээшлүүлэх, төсөвт хөрөнгөд хандах хандлагыг дээшлүүлэх, өмч хөрөнгийн  ашиглалтыг дээшлүүлэх зорилгоор “Эзэн-30” аяныг зарлан дүгнэсэн. Энэ аян их өндөр ач холбогдолтой ажил болсон. Бид мөнгө олж, өөрсдийн орлогыг нэмэгдүүлэх гэсэн үүднээс биш байгууллагын нөөцөө яаж үр дүнтэй, яавал илүү үр ашигтай байлгах вэ гэдэг үүднээс энэ аяныг зарласан. Аяны хүрээнд өртгийн төвүүдэд хэмнэлт гаргах, эд хариуцагч нарын хариуцлагыг дээшлүүлэх, эд хөрөнгөө засварлан өмчийн зөрчилгүй хамт олон болох зэрэг ажлуудыг хэрэгжүүлсэн.
Дээрхээс гадна шинээр ямар ажлуудыг хийж хэрэгжүүлэв?
 Шинээр санаачлан хийсэн ажлын нэг бол Яармаг орчмын таван сургууль, зургаан цэцэрлэг нийт 11 байгууллагын дунд “Хүүхдэд ээлтэй сургууль, хүүхдийн байгууллага”-ыг шалгаруулах болзолт уралдааныг зарлаж дүгнэсэн бөгөөд энэ уралдаанд 29-р цэцэрлэг, 118-р сургууль, 71-р цэцэрлэгүүд амжилттай оролцож тэргүүн байр эзэлсэн байна. Эх хүүхдийн эрүүл мэнд ба эрүүл ээлтэй тохилог ногоон орчин гэсэн өндөр бүтээлийн болзолт уралдааныг өнгөрсөн хавар зарлаж тохижилт цэцэрлэгжүүлэлтийн ажлаараа дүүргээ төлөөлж нийслэлийн болзолд өрсөлдсөн. Энэ мэт олон ажлыг өнгөрсөн онд зохион байгуулснаа эргэн дурсахад таатай байна.  
Ярилцсанд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15669
0 эможи
keyboard_arrow_up