ХӨСҮТ-ийн 50 ортой тусгаарлах тасгийг засварлаж, тоног төхөөрөмжөөр хангажээ
Баруун Африкийн улс орнуудад Эбола вируст халдвар 2014 оны 3 дугаар сараас бүртгэгдэж, улмаар дэлхий нийтийн “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал” болохыг ДЭМБ-аас 8 дугаар сард мэдэгдсэн байдаг. Улс орнууд энэхүү халдварт өвчнөөс хүн ардаа хамгаалах, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангаж ажиллахыг зөвлөсний дагуу манай улс ч 8 дугаар сараас эхлэн тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлээд байна.
ЭМСЯ-ны халдварт өвчны асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Нарангэрэлээс зарим зүйлийг тодрууллаа.
- Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал гэж юуг хэлдэг юм бэ?
Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал гэдэг нь тухайн нэг орны хэмжээнд биш дэлхий нийтэд олон хүнийг хамарсан, өвчлөл, эндэгдэл ихтэй нөхцөл байдал үүсэхийг хэлдэг.
- Эбола вирусын халдвар дэгдсэнтэй холбоотойгоор манай улсад салбар хоорондын хамтын ажиллагааг зохицуулах чиглэлээр бодлого, шийдвэрүүд гарсан болов уу?
Олон улсын эрүүл мэндийн дүрэм 2005 онд батлагдаж гарсан. Энэ дүрмийн дагуу зөвхөн эрүүл мэндийн байгууллага гэлтгүй тухайн үйл явдалтай холбогдох бусад салбарын (зооноз, онцгой байдал, хил гааль гэх зэрэг) бүх байгууллагууд идэвхижиж үйл ажиллагаа явуулдаг. Эбола вирусын халдвар тархсантай холбоотойгоор эхний ээлжинд улсын онцгой комисст асуудлыг оруулж, хэлэлцүүлсэн. Үүний дагуу 2014 оны 8 дугаар сард Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гарган, бүх байгууллагууд хэрэгжүүлж эхэлсэн. Түүнчлэн Эболоа вирусын халдварын асуудлаар Засгийн газрын тогтоол, Эрүүл мэндийн сайдын тушаалыг гарган хэрэгжүүлээд явж байна. Эрүүл мэнд, спортын яамнаас мэргэжил арга зүйн зөвлөмжүүдийг тогтмол өгч ажиллаж байна.
- Мэргэжил арга зүйгээр хангаж ажиллаж байгаа гэлээ. Энэ талаар тодруулбал.
ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөр дамжуулан ДЭМБ-ын Номхон далайн баруун бүстэй шууд холбогдож, өдөр тутмын мэдээллээр мэргэжлийн болон бусад байгууллагуудыг хангаж байна. Түүнчлэн Улсын мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын ерөнхий газартай түлхүү хамтарч ажиллаж байгаа. Хилийн боомтууд дээр үзүүлэх сургалт зохион байгуулсан. Хил, гаалийн байгууллагын ажилчид, эрүүл мэндийн байгууллага, яаралтай тусламжийн ажилтнууд зэрэг олон салбарын хүмүүст чиглэсэн 10 төрлийн сургалтыг хийсэн байна. Цаашид хүн амд зориулсан мэдээлэл, сургалт сурталчилгааг үргэлжлүүлэн хийх, хамгаалах хувцас, халдваргүйтгэлийн бодисыг мэргэжлийн байгууллагуудад хуваарилж дуусгах ажлуудыг хийнэ.
Эбола халдвараас сэргийлэх, бэлэн байдлын нөөц бүрдүүлэх, тусгаарлах эмнэлэг ажиллуулахаар Засгийн газрын тогтоолоор 477 сая төгрөгийг шийдвэрлэж өгсөн. Энэ талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө.
- Эбола вирусын халдварын үед бэлэн байдлыг хангах чиглэлд Засгийн газрын нөөц сангаас 477 сая төгрөгийг санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн. Үүний дагуу ямар ажлуудыг хийж байна вэ?
ХӨСҮТ-ийн 50 ортой тусгаарлах эмнэлгийн засвар, хийн шугамын системийг шинэчлэх ажлыг 67,4 сая төгрөгөөр хийлээ. Тус барилгын дотор талын автомат шилэн хаалга, вакум цонх, төмөр хаалга, монитор зэрэг 60 гаруй ажлыг хийж, тоног төхөөрөмжийг суурилуулан, боксжсон өрөөнүүдийг тохижуулсан. Мөн тус тасгийн хүчилтөрөгчийн хийн хангамжийн системийг шинэчлэн, хийн шугамын засварыг хийж гүйцэтгэсэн байна. Халдварт өвчний асуудал хариуцсан улсын лавлагаа төвийн хувьд энэ засвар үйлчилгээ маш чухал ажил болж байгаа юм.
Мөн улсын хэмжээнд тараагдах Эбола вируст халдварын үед хэрэглэх хувийн хамгаалах хувцас хэрэгсэл, халдваргүйжүүлэх бодисыг 409 сая төгрөгөөр худалдан авч, холбогдох байгууллагууддаа хүлээлгэн өгч байна.
- Ямар төрлийн багаж хэрэгслүүд авсан бэ?
Нийт 39 нэр төрлийн багаж, хэрэглэл авсан. Тодруулбал, шүүлтүүртэй амны хаалт, нүдний шил, нүүрний халхавч, мэс заслын маск, комбинзон, халад, хлор агуулсан бодис, монитор, соруулгын аппарат, дуслын шахуурга, яаралтай тусламжийн иж бүрдэл гэх зэрэг тус халдварын дэгдэлтийн үед хэрэглэгдэх багаж, хэрэглэлийг авсан. Мөн ХӨСҮТ-ийн тусгаарлах тасагт 7 төрлийн 15 ширхэг тоног төхөөрөмжийг ч нийлүүлсэн.
Эбола вируст халдварын үед хэрэглэх дээрхи хувийн хамгаалах хувцас хэрэгсэл, халдваргүйжүүлэх бодисыг улсын хэмжээнд тарааж байна. Эдгээрийг ХӨСҮТ, МХЕГ, НЭМГ, 21 аймгийн Эрүүл мэндийн газар болон Халдварт өвчний дэгдэлтийн бэлэн байдлын нөөцөд тус тус хүргүүлэх юм.
- ХӨСҮТ-өөс сургалт, дадлагын чиглэлээр ямар ажил хийж байна вэ?
Лавлагаа төвийн хувьд нийт эрүүл мэндийн байгууллагуудтайгаа холбоотой ажилладаг. ХӨСҮТ-өөс тус бүр 16 хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн 4 баг бэлтгэсэн. Баг бүрт халдвар судлагч эмч, клиникийн эмч, лабораторийн эмч, ариутгагч зэрэг мэргэжлийн хүмүүсийг оруулсан байгаа. Тэд ДЭМБ-аас Эболагийн талаар өгч байгаа түр журмуудыг судалж, “Эрт илрүүлж, хариу арга хэмжээ авах систем”-ээс олон улсын мэдээллүүдээ авч ашиглаж байна. Дээрхи журам заавруудын дагуу улсын хэмжээнд эрүүл мэндийн нийт байгууллагуудад, түүнчлэн ХӨСҮТ-ийн эмч, ажилтнууддаа хичээл зааж, үзүүлэх сургалтуудыг зохион байгуулсан.