Эрүүл мэндийн салбарт энэ долоо хоногт Хэн, Юу хэлэв?
Эрүүл мэндийн салбарт энэ долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна./2015.01.05-2015.01.09/
Нэгдүгээр эмнэлгийн стратеги төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Д.Далайжаргал: Төсөв танаснаар нэгдүгээрт эм, тариа тасалдана. Хүлээгдэл, чирэгдэл нэмэгдэнэ
Мөн өөрийн болон Даатгалын сангаас санхүүжих орлогоо биелүүлэхгүй байх магадлал өндөр байна. Гэхдээ энэ яах вэ. Бид дотоод нөөц бололцоогоо ашиглан, зохицуулж болно. Хамгийн хэцүү нь дархлаа дарангуйлах эмийн асуудал байна. Одоогоор гадаадад эрхтэн суулгуулсан 255 өвчтөн манайхаас сар бүр эмээ авч уудаг. 2014 онд нэмж 40 хүн эрхтэн суулгуулсан. Энэ онд бид 30 хүнд элэг, бөөр шилжүүлэхээр төлөвлөж байгаа.
Гэтэл эмийн санхүүжилт байхгүйгээс эдгээр хагалгаа зогсоход хүрээд байна. Мэс засал хийлээ ч өвчтөнд маргааш нь өгөх эм байхгүй. Энэ эмийг уухгүй л бол өвчтөнүүдийн элэг, бөөр нь ховхроод унана шүү дээ. Үүнийг эрх баригчид мэдэхгүй. Цаана нь хүний амь хохироод үлддэг. Одоогийн баталж өгсөн төсвөөр ирэх дөрөвдүгээр сарын 23 хүртэл торгоож чадна. Тэгэхээр эрхтэн суулгуулсан 335 хүний амь ирэх тавдугаар сараас дээсэн дөрөөнд дэнжигнэнэ гэсэн үг. /Өнөөдөр 2015.01.08 №004/
Барилга угсралтын “Пром сервис” компанийн захирал Д.Бямбаа: ЗТЯ-ыг эмнэлэг болгох 6,5 тэрбумаар хүүхдийн эмнэлэг тав, цэцэрлэг арвыг барих юм байна
Зам тээврийн яамны барилгыг эмнэлэг болгох гэж байгаа шийдвэр нь өөрөө тааламжтай, олон түмэнд нийцтэй байгаа юм. Тус яамаар орж гарч, ажил төрөл хөөцөлдөж явсан хүний хувьд надад багцаа төсөөлөл байна л даа. 2850 метр орчим талбайтай барилга. Тэгэхээр нилээд том хэмжээний эмнэлэг болно. Гэхдээ үүнд засвар хийхэд 6,5 тэрбум төгрөг шаардлагатай гэж байгааг дуулаад Монгол төр, төрд ажиллаж байгаа улсууд ямар баримжаагүй болчихоо вэ гэсэн бодол төрсөн. Сүүлийн үед салбарын хэмжээнд шийддэг асуудлууд дээр мөнгө угаалт хэтэрхий явагдаад байна уу. Тэр тусмаа эрүүл мэндийн салбарт нилээд жудаггүй болчихоо юу гэсэн итгэл үнэмшил төрж байна. Дээрх 6,5 тэрбум төгрөгөөр 6500 метр квадрат талбайтай цоо шинэ обьектыг барьж байгуулах боломжтой. Мөн 6,5 тэрбумаар хүүхдийн эмнэлэг тав, цэцэрлэг арвыг барих юм байна. /Өдрийн сонин 2015.01.08 №004/
“Алекса клиник” эмнэлгийн зөвлөх эмч ОХУ-ын тэргүүлэх зэрэгтэй эмч Дондокович Дугаржав Батаа: Түрүү булчирхайг эрэгтэй хүний хоёр дахь зүрх гэж үздэг
Түрүү булчирхай үрэвсэхээр бэлгийн сулрал үүсч, чалх муудах, урьдчилан дур тавилт үүсэхийн зэрэгцээ бэлгийн дур хүсэл буурдаг. Үүнээс үүдэж гэр бүлийн харилцаанд нөлөөлж, салалт үүсэхэд ч хүргэх тохиолдолд амьдрал олон бий. Урт хугацааны түрүү булчирхайн үрэвсэл нь шээсний замаар дамжиж, бөөр, давсганд нөлөөлж, үрэвсэл бий болгодог. /Үндэсний шуудан 2015.01.09 №05/
Сэтгүүлч: Яамны байранд нээгдэх хүүхдийн эмнэлэгт ажиллах эмч, сувилагч хангалтгүй байна
2015 онд Зам тээврийн яамны байранд хүүхдийн эмнэлэг нээгдэхээс гадна улсын төсвийн хөрөнгөөр хэд хэдэн хүүхдийн эмнэлэг барихаар болсон. Мөн хувь хүмүүс ч хүүхдийн хувийн эмнэлэг барих хүсэлтэй байгаагаа нийслэлд илэрхийлсэн учир Улаанбаатар хотын зүгээс зэрэг, зэрэг үүдээ нээх эмнэлгүүдэд ажиллах хүүхдийн эмч, сувилагчийг яаралтай бэлтгэх хүндхэн даалгавартай тулгараад байна. Яагаад хүндхэн гэвэл манайд хүүхдийн эмч, нярайн сувилагч дутмаг. Дутмаг байгаа шалтгаан нь энэ чиглэлээр ажиллахад цалин хангалтгүй.
/Өдрийн сонин 2015.01.07 №3 /