Монгол Улсын Эмийн бүртгэлийн журманд нэмэлт өөрчлөлт оруулна
Гурван сая хүн амтай монголчуудын 400 мянган орчим нь Элэгний С вирусээр өвчилсөн гэсэн харамсалтай дүн мэдээ бий. Эдгээр хүмүүсийн амь насанд заналхийлсэн энэхүү аймшигт өвчнийг бүрэн эмчлэх эм өнөөдрийг хүртэл Монгол Улсад орж ирээгүй байсан. Тэгвэл Шийдэлийн Засгийн газрын Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба эмийн шинэчилсэн журмыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд оруулах гэж байна. Ингэснээр олны анхаарлын тевд байгаа элэгний С вирусын эсрэг эмийн асуудал шийдэгдэх боломжтой болох юм. Элэгний С вирусын тухайд 10-15 жилийн дараа элэгний хатуурал хавдар болж тухай өвчнөөр өвчилсөн хүний амийг авч оддог аймшигтай өвчин. Сүүлийн үед энэ өвчнөөр өвчлөх нь нэмэгдэж байгаа нь улам түгшүүр дагуулж байгаа юм. Тухайлбал 2013 оны байдлаар 20-оос дээш насны хүмүүст судалгаа хийхэд судалгаанд хамрагдсан хүмүүсийн 10,7 хувь нь уг вирусээр өвчлөгдсөн байсан байна. Өмнө нь мөрдөгдөж байсан эмийн бүртгэлийн журмаар шинээр эм бүртгэхдээ хоёр жил хүртэл хугацаагаар судлаж байж бүртгэдэг байсан бол журмын шинэчилсэн найруулгаар Эмийн хяналтын хатуу зохицуулалттай Европын холбооны орнуудад үйлдвэрлэгдсэн эмийг шууд оруулж ирэхээр болж байна. Ингэснээр 30 хоногийн дотор Монгол Улсын эмийн бүртгэлд дээрх эмийг бүртгэгдэх юм. Уг эмийн талаар товч мэдээлэл өгөхөд АНУ-ын Gilead Sciences компани нь элэгний С вирусийг эмчлэх Sovaldi /Софосбувир/ 400мг шахмал эмийг Канад улсын Patheon Inc үйлдвэрт гэрээгээр үйлдвэрлэсэн болно. Нэмж мэдээлэхэд Монгол Улсын эмийн бүртгэлийн өмнө нь мөрдөж байсан журмаар Монгол Улсад шинээр бүртгэгдэх эмийг заавал гурван улсад бүртгэгдсэн, тухайн улсынхаа бүртгэлд бүртгэгдээд гурваас доошгүй жил хэрэглэгдсэн байх ёстой гэж тусгасан байжээ. Гэтэл 2009 онд Женевт хуралдсан эмийн зохицуулалтын байгууллагын зөвлөмжөөр эмийн хатуу зохицуулалттай Европын холбооны орнууд олон Америк, Япон, Солонгос, Канад зэрэг орнуудад үйлдвэрлэгдсэн эмийг хөгжиж байгаа орнууд шууд бүртгэнэ гэсэн журам гарсан аж.Энэхүү журмын дагуу эмийн бүртгэлийн журмандаа манай улс нэмэлт өөрчлөлт оруулснаар Европын холбооны эмийн хатуу зохицуулалттай орнуудад үйлдвэрлэгдсэн эмийг шууд бүртгэх боломж нээгдэж байгаа юм байна. Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба монголчуудын дунд хамгийн их зонхилж байгаа элэгний С вирусын өвчлөлийг бүрэн эмчлэх гарцийг нээж, энэхүү эмийг оруулж ирэхээр болоод байна.