ХСҮТ-ийн өргөтгөлийг барихад 3.1 тэрбум төгрөг төсөвлөжээ

2015 оны 1 сарын 06

Хавдар судлалын үндэсний төвийг өргөтгөх ажил хөрөнгө санхүүгийн гачигдлаас болоод дөрвөн оны нүүр үзэж буй. Улсын хэмжээнд хавдар өвчнийг нарийн мэргэжлийн түвшинд оношилж, эмчилдэг ганц төвийн өргөтгөлийг хурдан барьж, ашиглалтад оруулах шаардлага зайлшгүй тулгараад буйг эмнэлгийнхэн олонтаа сануулдаг. Тэгвэл тус төвийн өргөтгөлийг барьж дуусгахад зориулж 2015 оны улсын төсөвт тодорхой хэмжээний хөрөнгө төсөвлөжээ. Энэ талаар ХСҮТ-ийн ерөнхий захирал Л.Төмөрбаатараас тодрууллаа.

-Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлийг барьж дуусгахаар болсон гэв үү. Хэдэн төгрөгийн санхүүжилт гаргахаар төсөвт суулгасан бэ?

-Тийм ээ. Олон жил зогсонги байдалд ороод байсан манай төвийн өргөтгөлийг барьж дуусгахаар хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдэж өгсөнд эмч, эмнэлгийн ажилтан, удирдлагууд бид үнэхээр баяртай байна. 2015 онд манай барилгыг гүйцээн барихад зориулж улсаас 3.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэсэн. Байр маань хурдан ашиглалтад орвол зөвхөн бидэнд төдийгүй нийт монголчуудад маш их ач тустай. Наад зах нь манай төвд хагалгааны өрөө хүрэлцээгүйн улмаас яаралтай мэс засал хийх шаардлагатай өвчтөнүүд ар араасаа хүлээгддэг багасна. Мөн Австрийн Засгийн газрын тусламжаар манайд долоон сая еврогийн үнэ бүхий тоног төхөөрөмж оруулж ирэх төсөл хэрэгжиж байгаа. Монголд хамгийн их оношлогддог элэгний хорт хавдар болон туяа эмчилгээний асуудлыг шийдэхэд энэ төсөл ихээхэн ач холбогдолтой. Өндөр хөгжилтэй орнуудын туяа эмчилгээнд ашиглаж байгаа хамгийн сүүлийн үеийн дэвшилт тоног төхөөрөмжийг авчирлаа гэхэд тэдгээрийг угсарч суурилуулах байр нь ашиглалтад орохгүй болчих вий гэж бид ихээхэн санаа зовж байсан юм.

-Энэ онд багтаад өргөтгөл барьж дуусгаж чадах юм болов уу. Барилгын ажлыг гүйцэтгэж байгаа “Суурь” компанийнхан бас нэлээд хэл ам дагуулаад байгаа шүү дээ?

-Өргөтгөлийн байрны маань барилгын ажил одоогоор 70 шахам хувьтай байгаа. Тиймээс ирэх хавраас барилгын ажлаа эхэлбэл энэ ондоо багтаад ашиглалтад оруулчих боломжтой. Хөрөнгө санх үүгийн асуудлыг нь шийдээд өгч байхад гүйцэтгэгч компани одоо янз бүрийн асуудал гаргахгүй болов уу гэж бодож байна. Бид ч бас тэдэнд тавих ёстой шаардлагаа тавьж, ажлаа хурдан гүйцэтгэх боломж нөхцөлөөр хангахыг хичээх болно. Түүнээс биш тэдэнтэй хэл амаа ололцохгүй гээд дахиад өөр гүйцэтгэгч шалгаруулна гэвэл ажил урагшлахгүй. Хамгийн хүнд даваагаа давчихсан учраас одоо бидэнд цаг хугацааг ашиглах л чухал.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15124
0 эможи
keyboard_arrow_up