Эрүүл мэндийн технологийн шинэчлэлийн асуудлыг хэлэлцсэн үндэсний зөвлөгөөний зөвлөмж гарлаа

2014 оны 12 сарын 25

Эрүүл мэнд, спортын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран АХБ-ны дэмжлэгтэй “Эрүүл мэндийн техник, технологийн шинэчлэл, хөрөнгө оруулалтын тулгамдсан асуудал” үндэсний зөвлөлгөөнийг 2014 оны 12 дугаар сарын 11,12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж, ЭМСЯ, АХБ-ны мэргэжилтнүүд, аймаг, нийслэлийн нэгдсэн эмнэлэг, Мэргэжлийн хяналтын газар, ЭМСЯ-ны харъяа төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүд, төр, хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл бүхий нийт 150 хүн оролцов.

 ТЕХНОЛОГИ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ  

 1. Эрүүл мэндийн технологийн асуудлаар шийдвэр гаргагч нар, мэргэжлийн нийгэмлэг холбоо, хувийн салбарыг оролцуулсан үндэсний зөвлөлгөөнийг жилд нэг удаа зохион байгуулах;

 2. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад эрүүл мэндийн технологийн асуудал хариуцсан нэгжийн бүтэц, чиг үүргийг хадгалах, чадавхийг бэхжүүлэх;

 3. ЭМХТ-д шинээр байгуулагдсан “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн чанарын хяналт, сургалт, бүртгэл мэдээллийн алба”-ны чадавхийг бэхжүүлж, үйл ажиллагааг дэмжиж ажиллах;

 4. Технологийн шинэчлэлийг төсөв, санхүүжилтэй уялдуулан хийх, шинэ техник, технологи нэвтрүүлэх нөхцөл боломжийг орон нутагт бий болгох;

 5. ОУ-д нэвтэрсэн шинэ технологийг өөрийн байгууллагадаа нэвтрүүлсэн талаараа технологийн сан үүсгэн, жил бүр мэдээлж, сурталчлах;

 6. Эрүүл мэндийн технологийн суурь үнэлгээг тусламж үйлчилгээний шатлал, багц, удирдамжаар хийж, үнэлгээний үр дүнд суурилан стандарт, зааврыг шинэчлэх, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгадаг болох;

 7. Эрүүл мэндийн байгууллагуудад ашиглагдахгүй байгаа тоног төхөөрөмжийг хэрэгцээт газар нь шилжүүлэх эрхзүйн орчныг бүрдүүлэх;

 8. Эрүүл мэндийн сайдын 2006 оны 439 дүгээр тушаалаар батлагдсан “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, техникчдийн бүрэлдэхүүний бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаанд тавигдах ерөнхий шаардлага”-ыг шинэчлэн боловсруулах;

 9. Аюулгүй, эрсдэлгүй тусламж, үйлчилгээ авах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор мэс заслын тусламж, үйлчилгээнд эмнэлгийн 1 удаагийн хэрэгслээр хангах.

  ХҮНИЙ НӨӨЦ

 10. Эрүүл мэндийн хуульд эмнэлгийн мэргэжилтэн гэсэн ангилалд эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, техникчийн мэргэжлийг оруулах;

 11. Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газарт барилга, эмнэлгийн тоног төхөөрөмжийн бодлогын хэрэгжилт, зохицуулалтыг хариуцсан мэргэжилтнээр эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерийг орон тоогоор ажиллуулах;

 12. Эрүүл мэндийн байгууллагад эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, техникч, даралтат савны ажилтан, чанарын албаны дарга, лавлагаа үйлчилгээний ажилтныг стандартын дагуу орон тоогоор ажиллуулах, ажлын байрны тодорхойлолтыг тодорхой болгон, загварчлах;

 13. Шинэ технологийг нутагшуулах, ашиглах, хэрэглэхэд эмч, мэргэжилтэн, инженер техникчдийг чадавхижуулах, гадаад, дотоодын сургалтанд хамруулах;

 14. Технологи ашиглагчид болон эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар аюулгүй байдал, тоног төхөөрөмжийн чанарын хяналтыг хийх мэргэжилтнүүдийг чадавхижуулах, давтан сургалтад хамруулах.

  ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ТӨСӨВ 

 15. Эмнэлгийн техник, тоног төхөөрөмжийн урсгал засвар үйлчилгээ, сэлбэг материалын хэрэгцээ, шаардлагыг тогтоож, төсвийн тусгай зүйл анги бий болгон тусгаж, шаардлагатай зардлыг жил бүрийн төсөвт тусган хэрэгжүүлэх;

 16. Эмнэлгийн хөрөнгө оруулалтын төслийг сонгон шалгаруулах, батлах журмын төслийг үндэсний зөвлөгөөний зөвлөмжийг тусган баталж хэрэгжүүлэх;

 17. Эмнэлгүүд төсвөөс гадна олсон орлогоо өөрсдөө зарцуулдаг журмыг гаргаж өгөх;

 18. Бүтэц, үйл ажиллагааны стандартад заагдсан орон тоогоор жил бүр төсөвт баталж, нэмэгдүүлэх арга хэмжээ авах;

 19. ЭМБ-ын засвар, шинээр барих барилгын зураг төсвийн хөрөнгийг судалгаанд үндэслэн барилгын насжилт, их засвар хийх хугацаанд нь улсын төсөвт суулгах;

 20. Барилгын зураг төсвийг орчин үеийн чиг хандлага, олон улсын стандартад нийцүүлэн эмнэлгийн барилгын стандарт боловсруулж, батлуулах.

  ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХЯНАЛТ

 21. Дотоод хяналтын үүргийг тодорхой болгон Шадар сайд/ Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2012 оны 0625 дугаар тушаалд өөрчлөлт оруулах;

 22. Дотоод хяналт, чанарын үйл ажиллагааны чиглэлээр эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, чанарын алба, менежерийн чиг үүргийг ялгаж, ажлын байрны тодорхойлолтод тусгах;

 23. Хяналтын байгууллагын хяналт, шалгалтын үр дүнг практикт ашиглах, удирдлага, санхүүжилтийг үр дүнгээр шийдэх арга хэмжээ авах;

 24. Эрүүл мэндийн байгууллагын дотоод хяналтыг IT, Smart хяналтад шилжүүлэх асуудлыг судлан шийдвэрлэх;

 25. Аудитын үйл ажиллагаанд дотоод хяналтыг оруулж, түүнд бэлтгэх ажлыг эхлүүлэх, байгууллагуудад дотоод аудит хийх баг бэлтгэн сургалтанд хамруулж чадавхижуулах;

 26. Тухайн эмнэлгийн үйл ажиллагааны үнэлгээний гол шалгуурт шинэ технологи нэвтрүүлсэн, ашиглаж буй эрүүл мэндийн технологитоо үнэлгээ хийсэн байдал, түүнийг суурьшуулсан, тогтвортой байдлыг хангасан гэсэн шалгуур үзүүлэлтийг оруулах.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14627
0 эможи
keyboard_arrow_up