Ирэх онд даатгалаар үйлчлэх эмийн сангийн тоог нэмнэ
Нийслэлийн хэмжээнд 117 эмийн сан хөнгөлттэй үнээр үйлчилдэг байна. Харин даатгалаар үйлчилж байгаа эмийн сан захын дүүргүүдэд байдаггүй аж. Тиймээс Нийслэлийн алслагдсан дүүргүүдийн иргэдэд даатгалаар үйлчлүүлдэг эмийн сантай болгохоор ажиллаж эхэлсэн бөгөөд ирэх онд даатгалаар үйлчлэх эмийн сангийн тоо нэмэгдэх юм. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн өнгөрсөн оны долоодугаар сарын 31-ний 28 дугаар тогтоолын дагуу 134 төрлийн эмийг өрхийн эмчийн жороор хөнгөлттэй олгоно хэмээн заасан байдаг. Эрүүл мэндийн даатгал төлдөг хүн бүр хөнгөлөлттэй эмийг худалдан авах боломжтой юм. Тухайн эмчийн өгсөн нэг жор 10 хоногийн хугацаатай байдаг. Харин удаан хугацаанд эмчлэгдэх өвчнүүдэд 30 хоногоор жор олгодог гэнэ.