Энэ 7 хоногт нийт 6 төрлийн халдварт өвчний хамшинж, сэжигтэй 163 тохиолдол мэдээлэгдсэн байна
Өнгөрч буй 7 хоногт Улаанбаатар хотод 8 төрлийн халдварт өвчний 131 тохиолдол бүртгэгдснээс салхинцэцгийн өвчлөл өмнөх 7 хоногоос нэмэгдсэн, цусан суулгын өвчлөл мөн түвшинд байна.
Томуу, томуу төст өвчний амбулаторийн үзлэгт эзлэх хувь улсын хэмжээнд 8,6%, Улаабаатар хотод 10,2% байна. Дүүргийн хүүхдийн эмнэлгийн ачаалал нэмэгдэж байна. Томуугийн тандалтын эмнэлгүүдээс ирүүлсэн 148 сорьцод хийсэн шинжилгээгээр томуугийн вирус илрээгүй байна. Томуу төст амьсгалын замын үрэвсэл үүсгэгч ентервирус, хүний боковирус, аденовирус, риновирус, RS-вирус илэрч байна. Өнгөрөгч долоо хоногт ТТӨ болон халдварт өвчний асуудлаар зүүн болон говийн бүсийн аймгуудтай аудио хурал хийж, ярилцан зөвлөгөө өглөө. Тамифлю эмийн нөөцийн тооцоо хийж, 2015 онд шаардагдах захиалгыг ДЭМБ-д хүргүүлсэн.
Энэ 7 хоногт нийт 6 төрлийн халдварт өвчний хамшинж, сэжигтэй 163 тохиолдол мэдээлэгдсэн нь өмнөх 7 хоногоос 92 тохиолдлоор бага, өнгөрсөн оны мөн үеийнхээс 100 тохиолдлоор бага байна. Цочмог халууралт, тууралтат өвчний хамшинж 4, цочмог халууралт, цэврүүт тууралтат хамшинж 119, цочмог шарлалттай хамшинж 16, цочмог усархаг суулгалтын хамшинж 1, цочмог цусархаг суулгалтын хамшинж 22, цочмог цусархаг хамшинж 1 тус тус мэдээлэгдсэн байна.
Сүрьеэгийн тандалт судалгааны албаны амбулаторид 149 хүн хандаж үйлчлүүлснээс шинэ сүрьеэгийн 14 тохиолдол илэрч, хяналтанд орлоо. Сүрьеэтэй 26 өвчтөний эмчилгээний асуудлыг хэлэлцэж, 5 хүнийг хэвтүүлж, 8 хүний эмчилгээний горимыг өөрчилсөн байна. Камбойж улсын 6 эмч мэргэжилтэн ирж, манай улсын сүрьеэтэй тэмцэх сэргийлэх ажлын талаар танилцаж, туршлага судлаад буцлаа.
ДОХ,БЗДХ-ын тандалт судалгааны албанд 569 хүн хандаж үйлчлүүлснээс 48-д нь бэлгийн замын өвчин илэрч, хавьтлын судалгаанд хамрагдаж, эмчилгээнд орсон байна. Дархлаажуулалтын албанд ирсэн мэдээгээр ЦСС-ын хоёр тохиолдол мэдээлэгдэж судалгаа хийгдэж байгаа бөгөөд, ДДУХ болон тарилгатай халдварт өвчин мэдээлэгдээгүй байна.
ХӨСҮТ-ийн клиникийн тасагт 322 өвчтөн хэвтэн эмчлэгдэж байгаа нь орны ачаалал бага байна. Эмчлэгдэж буй өвчтөний тал орчим хувь нь сүрьеэтэй өвчтөн байна. Эбола вирусын халдварын бэлэн байдал хангах арга хэмжээний хүрээнд ХӨСҮТ-ийн шинэ сэргэж буй халдварт өвчний нөөцийн 50 ортой тасгийн засвар тохижуулалтын ажил хийгдэж дуусаж байна. Одоогоор улсын хэмжээнд анхаарал татах хандлагатай байгаа томуу, томуу төст өвчин, түүний хүндрэл, амьсгалын замын хүнд халдвар уушигны хатгаа өвчний тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор ДЭМБ-н дэмжлэгтэйгээр “Амьсгалын замын хүнд халдварын эмнэлзүйн менежмент” сэдэвт сургалтыг 2014-12-09-10-ны өдрүүдэд зохион байгуулж, төв хөдөөгийн нэгдсэн эмнэлэг, клиникийн болон төрөлжсөн мэргэжлийн төв эмнэлгийн эрчимт эмчилгээний эмч нар оролцлоо.
Эбола вируст халдвар үргэлжилсэн хэвээр байна. Одоогоор хоёр тивийн таван улсад бүртгэгдэж байгаа. Нийт өвчилсөн хүний тоо 18008, үүнээс нас барсан 6431(35,7%) байна. АНУ болон Мали улсад зөөвөрлөгдөж очсон Эболагийн халдварт хяналт тавьж байгаа. Гол зонхилон гарч байгаа баруун африкийн гурван улсаас Либерид буурч, Гвинейд бага зэрэг нэмэгдэж, Сьерилонд эрчимтэй тархалт үргэлжилсээр байна.