Эрүүл мэндийн салбарт энэ долоо хоногт Хэн, Юу хэлэв?
Эрүүл мэндийн салбарт энэ долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. /2014.12.08-2014.12.12/
Эрүүл мэнд, спортын яамны дэд сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Амарсанаа: Мөнгө шийдэгдчихвэл 21 хоногийн дотор эмнэлэг байгуулах боломжтой
Татан буугдсан яамны хүүхдийн эмнэлэг болгох боломжтой гэж үзсэн. мэдээж эмнэлгийн зориулалттай байр биш учраас олон улсын түвшний стандарттай эмнэлэг болгох боломжгүй. гэтэл эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй, хүүхдүүд эмнэлгийн хонгилд хэвтэж байна. Тиймээс хүүхдийн эмнэлгийн асуудлыг яаралтай шийдэх шаардлагатай учраас яамны байрыг боломжоороо засварлаад хүүхдийн эмнэлэг болгох нь зөв гэж үзсэн. /Өдрийн сонин 2014.12.08-12.12 №295 /
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зөвлөх, хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр:ССАЖ-ын яамны байрыг хүүхдийн эмнэлэг болгоно
Г.Шийлэгдамба сайдыг Эрүүл мэндийн сайд болоход "Мэргэжлийн бус, асуудал шийдэх чадвар муутай" гээд шүүмжилж байсан хүн олон бий. Тэгвэл шинэ Засгийн газрын анхны хуралдаанд 150 ортой хүүхдийн шинэ эмнэлэг барих асуудлыг оруулж ирээд батлуулж чадлаа. Өнөөдөр хүүхдийн эмнэлгийн хүрэлцээ, хангамж үнэхээр нийгмийн шаардлага хангахгүй, хамгийн хүнд асуудлын нэг болоод байгаа. Өглөөний сонин 2014.12.08-12.12 №222
Мамба дацан хийдийн хамба Д.Нацагдорж: Уламжлалт анагаах ухаанаар ходоодны шархыг эмчлэх боломжтой болжээ
Хятад, Монгол хоёр талд адилхан ходоодны шархтай өвчтөнүүдийг сонгож аваад өөр өөрийнхөө уламжлалт аргаар эмчилж байгаа. Өөрөөр хэлбэл, Тайвань хятад уламжлалт ухаанаар, манайх Монгол уламжлалт ухаанаар ходоодны шархтай өвчтөнийг эмчилж байна. /Өдрийн сонин 2014.12.08-12.12 295/