Хүн амын дундах Сүрьеэгийн тархалтын түвшин тогтоох үндэсний судалгааг эхлүүллээ
Монгол улсын хүн амын дундах сүрьеэгийн тархалтын түвшин тогтоох үндэсний судалгааг Монгол улсын Засгийн газар болон Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн нэгтгэсэн төслөөс санхүүжүүлж 2013-2015 онуудад явуулахаар төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр албан ёсны нээлтийн ажиллагаа сүхбаатар дүүргийн 18-р хороонд боллоо.
Монгол улсын хүн амын дундах сүрьеэгийн тархалтын түвшин тогтоох үндэсний судалгаанд Монгол орны газар зүйн бүсчлэлийн дагуу Баруун / Баян-өлгий, Ховд, Завхан/, Хангайн /Баянхонгор, Булган, Өвөрхангай /, Төв / Дорноговь, Сэлэнгэ, Төв /, Зүүн /Дорнод, Сүхбаатар / бус нутгууд болон Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад амьдарч байгаа 15 ба түүнээс дээш насны хүн амыг санамсаргүй түүврийн аргаар сонгон хамруулах бөгөөд урьдчилсан байдлаар судалгаанд шаардлагатай түүврийн хэмжээг 2011 онд ДЭМБ-аас гаргасан “Сүрьеэгийн тархалтын судалгааны удирдамж”-д заагдсан параметрүүд болон томьёог ашиглан 45362 хүнийг хамруулахаар тооцоолсон байна. Судалгааны түүврийн нэг багц буюу нэгжид байх хүний тоог 500 гэж тооцоолон 45962 хүнйин нэгжид хуваарилан түүврийн хэмжээг 5 бүс нутагт пропорционалиар хуваахад баруун бүсэд 12 нэгж хангайн бүсэд 16 нэгж, төвийн бүсэд 12 нэгж, зүүн бүсэд 7 нэгж, хотуудад нийт 45 нэгж тус тус ногдож байгаа юм.
Хүн амын дундах сүрьеэгийн тархалтын түвшин тогтоох судалгааны бүх оролцогчдод сүрьеэгийн шинж тэмдэг илрүүлэх ярилцлага, асуумж судалгаанд хамруулж, цээжний рентгэн зураг авах ба судалгааны оролцогчид сүрьеэгийн сэжигтэй шинж тэмдэг илэрсэн эсвэл цээжний рентгэн зурагт хэвийн бус өөрчлөлтэй үед 2 удаагийн цэрний сорьц / газар дээр, өглөө/ авч түрхэц болон өсгөвөрлөх шинжилгээ хийж оношийг баталгаажуулах юм байна.