“Онцгой байдлын үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх тусламж” сэдэвт цахим хурал болов

2014 оны 12 сарын 03

Дэлхий нийтээрээ жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах олон улсын өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. 

Дэлхийн хүн амын ойролцоогоор 15 хувь нь аливаа нэг хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй байдаг байна. Үүнээс Ази болон Номхон Далайн бүс нутагт 650 сая хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байгаа бөгөөд тэдний 80 хувь нь хөгжиж буй орнуудад амьдарч байна гэсэн тоо баримт байдаг.  НҮБ-аас 2014 оны энэ өдрийг “Тогтвортой хөгжил –Технологийн оролцоо” уриан дор тэмдэглэхээр дараах зорилтыг дэвшүүлэн тавьсан байна. 

 Үүнд : 

 • Хөгжлийн бэрхшээлийг хамруулан хөгжүүлэх тогтвортой хөгжлийн зорилгууд; 

 • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажлын байрны орчныг сайжруулах; 

 • Гамшгийн эрсдлийг бууруулах ба Онцгой байдлын үед үзүүлэх яаралтай тусламж; 

“Тэгш дүүрэн” хөтөлбөрийн 2013 оны судалгаагаар манай улсад 107100 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас харааны бэрхшээлтэй иргэн 15300 гаруй, сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй иргэн 15100 гаруй, хөдөлгөөний бэрхшээлтэй 19400 гаруй, сэтгэцийн болон оюун ухааны бэрхшээлтэй 20300 орчим иргэн тус тус байна.  

alt

Эрүүл мэндийн яамнаас энэ жилийн хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрүүл мэндийн сарын үйл ажиллагааг өргөжүүлэн “Нийгмийн халамжид хамрагдагсдын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулъя” сэдэвт сарын аяныг 11 дүгээр сард үндэсний хэмжээнд зохион байгуулсан юм. 

Төрийн болон төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, нийгмийн халамжид хамрагдагсад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гамшгийн эрсдэлийг бууруулах зорилгоор “Гамшгийн эрсдлийг бууруулах ба Онцгой байдлын үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх тусламж” сэдэвт цахим хурлыг энэ сарын 01-ний өдөр зохион байгуулав. 

Хуралд 13 аймгийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга, яаралтай тусламж хариуцсан мэргэжилтэн, нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, эмч мэргэжилтнүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэмлэг, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл зэрэг нийт 90 гаруй хүн оролцлоо. 

Нийгмийн халамжид хамрагдагсдад үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бодлого, гамшгийн үеийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бэлэн байдал, аюулгүй байдлыг хангахад анхаарах асуудлын талаар ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн А.Бархас, Эмнэлгийн тусламжийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ч.Баярмаа нар мэдээлэл хийж, оролцогчдын сонирхсон асуултад хариуллаа. 

Мөн өвөлжилтийн бэлэн байдлыг хангах, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ ялангуяа түргэн тусламжийн машин, шатахуун, эм хэрэгсэл, эрсдэлт бүлгийн хүн амд тухайлбал жирэмсэн болон хөхүүл эхчүүд, бага насны хүүхэд, өндөр настанд үзүүлэх тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангаж ажиллах чиглэлээр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн хэлтсийн мэргэжилтэн Р.Байгалмаа мэдээлэл хийсэн юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13106
0 эможи
keyboard_arrow_up