"Эх хүүхдийн эрүүл мэндийн тандалтын тогтолцоо" зөвлөлдөх уулзалт боллоо
Эрүүл Мэндийн Яам, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр “Эх, хүүхдийн эрүүл мэндийн тандалтын тогтолцоо” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг 2014 оны 11 сарын 27, 28-ны өдрүүдэд ЭХЭМҮТ-ийн хурлын танхимд зохион байгууллаа.
Тус зөвлөлдөх уулзалтыг Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, НҮБ-ын Хүн Амын Сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара, ЭМЯ-ны Хүүхэд, өсвөр үеийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Г.Соёлгэрэл, ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөр нар нээж үг хэлэв.
Зөвлөлдөх уулзалтын үеэр НҮБ-ын Хүн Амын Сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара ЭХЭМҮТ-ийн хүндэтгэлийн дэвтэрт сэтгэгдлээ бичиж гарын үсэг зурлаа.
Зөвлөлдөх уулзалтанд ЭМЯ, НҮБ-ын Хүн Амын Сангийн мэргэжилтнүүд, ДЭМБ, Үндэсний статистикийн хороо, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, ЭХЭМҮТ-ийн удирдлагууд, 21 аймаг, 9 дүүргийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, амаржих газар, дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, нэгдсэн эмнэлэг, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн хүүхэд, эх барих эмэгтэйчүүдийн эмч, чанарын менежер, статистикч эмч нарын төлөөлөл оролцлоо.
“Эх, хүүхдийн эрүүл мэндийн тандалтын тогтолцоо” сэдэвт зөвлөлдөх уулзалтаар эхийн эндэгдэл, эхийн ноцтой хүндрэл, амьгүй төрөлт, нярайн эндэгдэл, төрөлхийн хөгжлийн гажгийн талаарх мэдээ мэдээллийн ололттой тал болон бүртгэл мэдээлэлд тулгарч буй асуудал, цаашид хийх ажлын талаар зөвлөлдлөө.