Дэлхий дахинаа 2030 он гэхэд ДОХ-ын асуудлыг бүрэн шийдэх зорилтыг дэвшүүлжээ
Жил бүрийн 12 дугаар сарын 01-ний өдрийг Дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарлаа хандуулах өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Тэгвэл өнөөдөр энэ өдөрт зориулсан хэвлэлийн бага хурал Эрүүл мэндийн яамнаа боллоо.
Уг хуралд Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Наоми Китахара, ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн хэлстсийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Youth Lead үндэсний сүлжээний зохицуулагч Г.Жавхаа болон олон улсын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагын 30 гаруй төлөөлөл оролцлоо.
1988 оноос хойш жил бүрийн энэ өдөр ХДХВ, ДОХ-оос сэргийлэх их үйлсэд хүн төрөлхтөн анхаарлаа хандуулж, өмнөө тавьсан зорилтоо биелүүлэхэд хүчээ нэгтгэн, ирээдүйн сайн сайхны төлөө хамтарч ажиллахад нийтээрээ нэгдэж байгаагаа илэрхийлсээр ирсэн.
Энэ жил манай улс НҮБ-аас дэвшүүлж буй ХДХВ-ын халдварын шинэ тохиолдлыг тэглэх, ДОХ-оос үүдэлтэй нас баралтыг тэглэх, ХДХВ, ДОХ-оос үүдэлтэй ялгаварлан гадуурхалт, гутаан доромжлолыг тэглэх хэтийн зорилтыг бодит үйл хэрэг болгох үйлсийн төлөө “Бид хамтдаа сэргийлж чадна” гэсэн уриатайгаар тэмдэглэж байна.
ДОХ-ын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш гуч гаруй жилийн хугацаанд 39 сая хүн ДОХ-ын улмаас нас барж, 35 сая хүн ХДХВ-ын халдвартай амьдарч, өдөрт 6000 гаруй хүн ХДХВ-ын халдварыг шинээр авч, ХДХВ-ын халдварын тархалтын улмаас хүн төрөлхтөн асар их хохирлыг амссаар байна.
Гэхдээ сүүлийн жилүүдэд дэлхий дахинд ХДХВ/ДОХ-оос сэргийлэх үйлст эерэг, нааштай үр дүн гарч байна. Тухайлбал 2013 онд бүртгэгдсэн ХДХВ-ын халдварын шинэ тохиолдлын тоог 2001 онтой харьцуулахад 38 хувиар, ДОХ-ын шалтгаант нас баралт хамгийн өндөр бүртгэгдэж байсан 2005 онтой харьцуулахад 35 хувиар тус тус буурсан байна.
Манай орны хувьд 1992 онд ХДХВ-ын халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш өнөөг хүртэл ХДХВ, ДОХ-ын нийт 181 тохиолдол бүртгэгдэж, ДЭМБ-ын ангиллаар Монгол улс нь нийт хүн амын дунд ХДХВ-ын халдварын тархалт багатай, эрсдэлт бүлгийн хүн амын дунд төвлөрсөн тархалттай орны тоонд багтаж байна.
Дэлхий нийтээрээ нэгдэн орсон тунхаглалын хүрээнд ХДХВ-ын халдварын тархалтыг зогсоох, улмаар устгах зорилтыг биелүүлэхийн төлөө Үндэсний хариу арга хэмжээг улам эрчимжүүлэх үүднээс ХДХВ, ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагаанд санхүүжилтийг үе шаттайгаар нэмэгдүүлж байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Монгол улсын Засгийн газраас ХДХВ, ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагаанд зарцуулсан санхүүжилт 20 хувиар нэмэгдсэн. Цаашид ч Засгийн газрын санхүүжилтыг тогтвортой нэмэгдүүлэх чиглэлд ажиллаж байгааг Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа хэлсэн үгэндээ онцлов.
Манай оронд бүртгэгдсэн ХДХВ-ын халдварын шинэ тохиолдлын 20 гаруй хувийг 15-24 насны залуучууд эзэлж байна. Мөн судалгаагаар залуучуудын зөвхөн 24 хувь нь л ХДХВ-ын халдвараас сэргийлэх цогц, зөв мэдлэгтэй байгаа нь дэндүү чамлалттай үр дүн юм. Өсвөр үе, залуучуудын бэлгийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, улмаар эрсдэлтэй зан үйлийг өөрчлөх нь халдвар авах эрсдэлийг багасгахад чухал ач холбогдолтой.
Иймд ерөнхий боловсролын сургуульд хүүхэд, өсвөр үеийн насны онцлогт нь тохирсон бэлгийн эрүүл мэндийн анхан шатны мэдлэгийг олгож, цаашид насан туршид нь эрүүл мэнд, бэлгийн эрүүл мэндийн боловсролыг тасралтгүй олгож байх тал дээр бүгдээрээ анхаарч хамтран ажиллах шаардлагатай байгааг мэргэжилтнүүд хэлж байна.
ХДХВ, ДОХ-оос сэргийлэх арга хэмжээнд эрүүл мэндийн байгууллага, төр, төрийн бус, олон улсын байгууллагын оролцоо, нягт хамтын үйл ажиллагаа чухал байр суурийг эзэлдэг боловч хувь хүн ялангуяа залуучуудын оролцоо хамгийн чухал, ач холбогдолтой.
ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах дэлхийн өдөрт зориулан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Бан Ги Мүүн өөрийн илгээлтийг гаргасан байна. Тэрээр, “ДОХ-ын тархалтыг сааруулах чиглэлээр дэлхийн улс орнууд маш ахицтай ажиллаж байгааг ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах энэ өдрөөр миний бие талархан тэмдэглэж байна. 2030 он гэхэд ДОХ-ын асуудлыг бүрэн шийдвэрлэх зорилтыг дэлхийн хэмжээний манлайлагчид энэ жил дэвшүүллээ” хэмээгээд “2015 он гэхэд 15 сая хүнийг ХДХВ-ын эмчилгээнд хамруулна, ирэх цөөн жилд эхээс урагт халдвар дамжихыг бүрэн зогсооно гэсэн зорилтондоо хүрэх боломж харагдаж байна. Иргэний нийгмийн болон олон хамтрагч талуудын оролцоо, шургуу хөдөлмөрийн ачаар хүнийг ялгаварладаг, гутаан доромжилсон өнгө аястай хууль тогтоолыг хүчингүй болгох, өөрчлөх ажлаа цаашид бид үргэлжлүүлэх болно. Ахиц хурдан гарч байна.
Гэвч эдгээр ололт хэврэг хэвээр байна. Өнөөдөр 35 сая ХДХВ-ын халдвартай хүн амьдарч байгаагийн 19 сая нь халдвартай эсэхээ мэдэхгүй байгаа. Түлхүү анхаарах ёстой хүн амын зарим бүлэгт үйлчилгээ хүрэхгүй хэвээр байна. Гурван хүүхэд тутмын хоёр нь вирусын эсрэг шаардлагатай эмчилгээнд орж чадаагүй байна. ХДХВ-ын халдварын тархалт ихтэй олон оронд залуу эмэгтэйчүүд халдварт илүү өртөж байна.
Уг халдвартай холбоотой ялгаварлан гадуурхалт, гутаан доромжлол, шийтгэдэг хууль эрх зүйн орчин нь Зүүн Европ, Төв Ази болон Ойрхи Дорнодын улс орнуудад ДОХ-ын тархалт өссөөр байгаагийн гол шалтгаан болж байна. Олон нийтийн тогтолцоо, хамтрагч байгууллагуудын зүгээс явуулж буй чухал үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэг ихэнх тохиолдолд дутагдаж байна. Бид хэнийг ч орхих ёсгүй” гэж онцлон тэмдэглэжээ.