Лабораторийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах асуудлаар зөвлөлдөх уулзалт болж байна
“Лабораторийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах нь” зөвлөлдөх уулзалт 2014 оны 11 дүгээр сарын 27, 28-ний өдрүүдэд Эрүүл мэндийн яамны сургалтын танхимд зохион байгуулагдаж байна. Зөвлөлдөх уулзалтад ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа, ЭМЯ-ны Оношилгоо, эмчилгээний технологийн хэлтсийн дарга Н.Гэрэлт-Од, Стандартчилал хэмжилзүйн газрын дарга Г.Гантөмөр болон аймаг, дүүргийн Эрүүл мэндийн газрын удирдах ажилтан, лабораторийн эмч, мэргэжилтнүүд оролцож байна.
Энэхүү хоёр өдрийн үйл ажиллагааг Эрүүл мэндийн лабораторийн тусламж, үйлчилгээг 2010-2015 онд хөгжүүлэх стратегийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, лабораторийн тусламж, үйлчилгээний тулгамдсан асуудлыг хэлэлцэж сайжруулах талаар санал боловсруулах зорилгоор ХӨСҮТ, АШУҮИС-ийн хамтын оролцоотойгоор ЭМЯ зохион байгуулж байна.
Энэхүү уулзалтаар эрүүл мэндийн лабораторийн хүний нөөцийн өнөөгийн байдал, ажлын байрны тодорхойлолт, мэргэжлийн индексийг олон улсын жишигт ойртуулан шинэчлэх, төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөр, стандарт, Монгол улс дахь эрүүл мэндийн лабораторийн магадлан итгэмжлэл, чанарын гадаад хяналт, үнэлгээний өнөөгийн байдал, нянгийн эсрэг эмийн тэсвэржилтийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, лабораторийн оношзүйн салбарын олон улсын ололт, амжилтууд болон өөрийн орны сайн туршлагыг сурталчлах зэрэг өргөн хүрээний асуудлаар зөвлөлдөх юм.
Зөвлөлдөх уулзалтаас “Эрүүл мэндийн лабораторийн тусламж, үйлчилгээг 2010-2015 онд хөгжүүлэх стратеги”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар зөвлөмж гаргах юм байна.
Уулзалтад 110 эмч, мэргэжилтнүүд оролцож байна.