ХДХВ, ДОХ-ын халдвар тээгчдийн дөрвөн хувийг 15-19 насныхан эзэлж байна
Хүүхэд бүрийг ХДХВ, ДОХ-ын халдвараас сэргийлье
...Би өсвөр насны хүүхэдтэй жирийн л нэг ээж. Өдрийн ихэнхийг ажил дээрээ, компьютерийн ширээний ард өнгөрөөдөг ч бусдын адил, үр хүүхдээ эрүүл саруул өсч хөгжөөсэй, зөв хүмүүжилтэй нэгэн болоосой гэж бодож явдаг нэгэн. Тиймдээ ч дөнгөж 10 нас хүрч буй охиндоо зөв, бурууг ойлгуулж, хариулт нэхсэн хэцүү асуултуудад нь үнэнийг хэлж, бүхнийг ойлгуулахсан гэж хичээж явдаг нэгэн.
Өсвөр насны хүүхэдтэй ээж, аавууд юу эс андах вэ дээ. Тэд их олон зүйлийг сонирхож асуудаг. Тухайлбал, “Ээж би хэзээ гэрлэх юм бэ?”, “Би хэдэн хүүхэдтэй болох вэ”, “Хайртай залуугаа ухаантай хүн байх, үгүйг нь яаж мэдэх вэ?”, “Хосууд үнсэлдэхээрээ хүүхэдтэй болчихдог юм уу?”, “Энэ тэндгүй “Hotel”гэсэн бичиг тааралдах юм. Энэ юу гэсэн үг вэ. Хүмүүс энд юу хийдэг юм бэ?”...гэх мэтчилэн тэдний асуулт дуусашгүй их. Зарим нь их хөгжилтэй. Бас хариулахад ч түвэгтэй. Тиймээс түүнтэй найзууд шиг л харьцах хэрэгтэй. Түүнтэй ярилцах хамгийн энгийн арга бол мэдэн будилж байгаад л, мэддэг бүхнээ хэлж өгөх.
Орчин үеийн хүүхдүүд ямар зурагт радио, компьютер, гар утаснаас хол байх биш. Дөрөв, таван нас хүртлээ тэдний олонхи нь зурагт ширтэж, ихэнх айлын хүүхдүүд интернэтээр хүүхэлдэйн кино үзэж өссөн. Өнөө үед компьютерийн товчлуур дарж үзээгүй хүүхэд бараг ховор. Тиймээс тэд зургаан нас хүрээд, уншиж бичиж сурангуутаа зурагт, радиогоос бараг залхаж, зав л гарвал таны хэлж тайлбарлаж чадаагүй бүхнийг интернэтээс олж авдаг болсон. Иймд та зөв, буруу мэдээллийг ямар ч хяналтгүй авахаас нь өмнө амжиж түүнтэй, эрүүл мэндийн сэдвээр ярилцаад үзээрэй. Ялангуяа, өсвөр насны охидын жирэмслэлт ихэссэн, өсвөр насныхан дунд бэлгийн замын халдварт өвчин ихсэх хандлагатай байгаа энэ үед, ХДХВ, ДОХ-ын талаар ярилцахаа мартуузай.
Харин тэдэнд ХДХВ, ДОХ-ын талаар ямар мэдээлэл өгч болохыг, энгийн ойлгомжтой байдлаар хэрхэн тайлбарлаж өгч болохыг дараах нийтлэлдээ тусгав. Одоогийн хүүхдүүд аливаа юмны учир утгыг ойлгохдоо бараг биднээс илүү ч олон янзын тоо баримт, судалгаа дурьдаж, түүнийг залхаахыг хүссэнгүй. Бас айлгаж, сүрдүүлэхыг ч хүссэнгүй. Зүгээр л энэ өвчний талаарх энгийн ойлгомжтой бүхнийг тайлбарлаж өгөхийг хичээв. Ингэхдээ өсвөр насны охинтойгоо энэ талаар хэрхэн ярилцсан жишээнээсаа бас хуулбарлав.
ХДХВ нь хэнийг ч ялгахгүй
Дэлхий дээр амьдарч байгаа бүх хүн эрүүл энх, аз жаргалтай амьдрахыг хүсдэг. Гэсэн ч дэлхийн өнцөг булан бүрт хүмүүсийн амь насанд заналхийлсэн, эрдэмтэн мэргэд, эмч мэргэжилтнүүд ч өнөөг хүртэл эдгээж, эмчилж чадахгүй олон төрлийн өвчин байна. Харин эдгээрээс дэлхий нийтийг хамгийн их түгшээж байгаа нь ХДХВ буюу ДОХ юм. Энэ бол хүмүүс бидний өвчин эсэргүүцэх чадварыг усгаж, үгүй хийдэг, төгс эмчлэгддэггүй өвчин.
ХДХВ/ДОХ-ыг зарим хүүхдүүд шээс, бэлгийн замаар дамжин халдварладаг, “том хүмүүс”-ийн өвчин гэж ойлгодог. Тэгвэл энэ ойлголт нь хамгийн буруу юм. ХДХВ үнсэлцэх, шүргэлцэх, гар гараасаа барилцах, гал тогооны хэрэгсэлээ дамжуулан хэрэглэх, жорлонгийн суултуур, усан бассейн зэргээс хүнд халдварлахгүй. Харин бэлгийн хавьталаар, цусаар, халдвартай зүү тариур хэрэглэх үед, мөн халдвартай эх хүүхдээ төрүүлэх үед, сүүгээр тэжээх үед, эхээс урагт халдварладаг. Хамгийн хачирхалтай нь, энэ өвчний вирусээр халдварласан хүнд ямар нэгэн шинж тэмдэг удаан хугацааны турш илрэхгүй байж болдог . Тэр бүү хэл, 10-15 жил болсны дараа ч шинж тэмдэгүүд илрэх бий. Тиймээс ХДХВ-ээр халдварласан хүмүүсийн ихэнх нь эрүүл хүн шиг харагддаг. Бүр тодруулбал, халдвар аваад шинж тэмдэг илрэх хүртлээ тодорхой хугацаа шаарддаг учир хичнээн хүн халдвар авсан, бас тэд хаана хэнд тархааж байгаа гэдгийг нь нарийн тогтоох боломжгүй. Тиймээс л бид энэ өвчнөөс алхам тутамдаа болгоомжлох хэрэгтэй юм.
Энэ өвчний хамгийн хор уршигтай тал нь ХДХВ хэнийг ч ялгадаггүй, хэний ч дархлалын тогтолцоог гэмтээж устгадаг. Хүний дархлалын тогтолцоо гэдэг нь бидний биед ямар нэгэн хортой, халдвартай зүйл орохыг “Бие хамгаалагч” шиг харуулдан хянаж байдаг, яг компьютерийн вирусийн программ шиг нарийн зохион байгуулалттай зүйл байдаг. Харин энэ өвчний вирус хүний биед орсноор гадны биетийг устгахад хариу урвал үзүүлж байдаг, тэрхүү маш нарийн зохион байгуулалттай дархлааны системийг гэмтээж, биднийг бүх төрлийн халдвартай тэмцэх чадваргүй болгодог. Энэ л үед хүмүүс төрөл бүрийн өвчнөөр өвчилдөг. Өөрөөр хэлбэл, ДОХ нь үхэлд хүргэх олон өвчнөөр илэрдэг.
ДОХ-ын вирус сармагчинаас үүсэлтэй юу?
-“ДОХ хаанаас үүссэн юм бэ?” Томчууд ч гэсэн энэ асуултын хариултыг олох гэж их хичээдэг. Бидний энэ асуултад хамгийн үнэн зөв, төгс хариултыг олох гэж дэлхийн олон мянган эрдэмтэд өнөөг хүртэл судалсаар, янз бүрийн таамаглал дэвшүүлсээр байна.
Одоогоор анагаах ухаанд бүртгэгдээд байгаа ДОХ-ын хамгийн анхны тохиолдол нь АНУ-д 1980-аад оны эхэн үеэр илэрсэн байдаг. Ямартай ч эрдэмтдийн дэвшүүлсэн олон янзын таамаглал дундаас хамгийн түгээмэл хүлээн зөвшөөрөгдсөн нь Африкт амьдардаг тухайн үеийн хүмүүс сармагчинг агнаад махыг нь хүнсэнд хэрэглэх үедээ биедээ үүссэн ил шархаар дамжуулан, энэ өвчний вирусийг авсан, тэр нь одоогийн ДОХ-ын эхлэл болсон гэж үздэг. Мөн энэ талаар сонирхолтой нэгэн жишээ дуулгахад, 2004 онд “The Lancet” гэдэг сэтгүүлд сармагчингаас хүнд халдвар тусах нь одоо үед түгээмэл үзэгдэл гэж үзсэн байна. Камерунд хийсэн судалгаагаар сармагчинд тааралддаг гэж үздэг байсан вирус нь тухайн газар нутгийн нийт хүн амын 10 хүртэл хувьд халдварласан байхыг илрүүлжээ. Үүнээс болж сармагчингийн махыг хүнсэнд хэрэглэх явдлыг эсэргүүцсэн уриалгууд хүчтэй гарсан байна. Мөн Африкаас бусад тивийн сармагчингуудад ХДХВ вирус огт илрээгүй байдаг ба Ази, Латин Америк гээд сармагчинтай олон газар байдгаас одоогийн байдлаар Африкаас бусад газар ХДХВ-ийн тохиолдол нэг ч удаа илрээгүй байна. Энэ нь эрдэмтдийн “ДОХ сармагчинаас үүсэлтэй” гэсэн хариултыг өгөхөд ихээхэн нөлөөлсөн байна.
Өсвөр насныхан ХДХВ, ДОХ-ыг нэг төрлийн өвчин гэж боддог
Өсвөр насны хүүхдүүд бас нэгэн зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. Яагаад гэвэл, тэдний олонхи нь ХДХВ,ДОХ-ыг нэг төрлийн адилхан өвчин гэж ойлгодог. Үнэн хэрэгтээ, ХДХВ болон ДОХ нь хоёр тусдаа зүйл юм. ХДХВ нь ДОХ өвчнийг үүсгэгч вирус юм. ХДХВ-ийн халдвар тээгч хүн бүр ДОХ-ын халдвартай гэсэн үг биш. Харин ДОХ-той хүн бүр ХДХВ-ийн халдвартай байдаг гэдгийг ойлгох нь чухал. Хамгийн энгийнээр тайлбарлахад, ХДХВ-ийн халдвар авсны дараа удаан хугацааанд хүний дархлалын тогтолцоо гэмтэж, яваандаа ямарч өвчнийг эсэргүүцэх чадваргүй болдог. Энэ үед төрөл бүрийн өвчнөөр өвчилдөг. Энэ л үеийг Дархлалын Олдмол Хомсдолд орлоо гэж хэлдэг байна.
ДОХ-ын тухай хүүхдүүд яагаад заавал мэдэх ёстой вэ?
Томчууд ч, хүүхдүүд ч бүгд мэдэж байх ёстой. Яагаад гэвэл, дэлхийн олон сая хүн энэ өвчнөөс болж, нас барж байна. 1981 оноос хойш 30-аад сая хүн ДОХ өвчний улмаас нас бараад байна. Африкт ДОХ өвчний улмаас эцэг эхээ алдсан 15 сая хүүхэд байна. Тиймээс ДОХ-оос өөрийгөө хамгаалах, энэ өвчний талаар тодорхой мэдээлэлтэй байх хамгийн чухал юм. Өсвөр насныхны тал хувь нь ДОХ-ыг бүрэн эмчилж болно гэж боддог. Харин энэ нь одоогоор ямар ч боломжгүй зүйл юм. Тийм болохоор өөрийгөө ДОХ-ын халдвар авахгүй гэж бодож байгаа хүмүүст энэ мэдээлэл хамгийн чухал гэдгийг эмч нар анхааруулсаар байна. Ингэхдээ энгийн зүйлүүдийг л мэдэж байх шаардлагатай.
Энэ тэнд элдэв тариа, вакцинд хамрагдахдаа заавал нэг удаагийн зүү тариур хэрэглэж байгаа эсэхийг шалгах, шүдний эмч, гоо сайхны газар очихдоо ч үүнийг онцгой анхаарах нь чухал. Жишээ нь хөвгүүд, охид биедээ гоо сайхны шивээс хийлгэх сонирхолтой байдаг, мөн үү ургацаг авахуулах, нүдэндээ давхраа хийлгэх, хамраа өндөрлөх, чихээ цоолох гээд очсон газар бүртээ биед хүрэх зүү тариур, мэс ажилбарын жижиг хутга гээд бүх л зүйлсэд анхаарлаа хандуулж байх хэрэгтэй. Ялангуяа, ил задгай шарх сорвитой үедээ элдэв зүйлд хүрэхгүй байх, цус цусан бүтээгдэхүүтэй болгоомжтой харилцах, хамаагүй эрт бэлгийн харилцаанд орохгүй байх зэрэгт онцгой анхаарах нь чухал. Хүмүүс ихэнхдээ болгоомжгүй байдлаасаа л болж алддаг.
Монголд одоогоор ХДХВ-ийн халдвартай 181 хүн бүртгэгдээд байна
Хоёрдугаарт, манай улс халдвар тархах өндөр эрсдэлтэй орны тоонд ордог. Мөн Монгол Улстай хиллэдэг Орос, Хятад хоёр улс нь 21-р зуунд ХДХВ-ийн халдвар хамгийн өндөр хурдацтай тархах 5 орны тоонд орсон байдаг. Дээрээс нь манай улсад сүүлийн жилүүдэд бэлгийн замаар дамжих халдварууд эрс нэмэгдэж, жилд 15-20 мянган хүн өвчилж байна. Хүн амын 60 гаруй хувийг 15-49 насныхан эзэлдэг. Тэдний дунд ХДХВ, ДОХ-ын талаарх мэдлэг тааруу, бие биенийгээ буруу зүйлд уруу татдаг, бие биетэйгээ хамаагүй эрт бэлгийн харилцаанд ордог, бэлгэвч хэрэглэдэггүй гэсэн судалгаа гарсан байна. . Тиймээс л өсвөр насныханд энэ талаарх мэдлэг , мэдээлэл хамгийн чухал юм.
Монголд одоогоор ХДХВ-ийн халдвартай 181 хүн бүртгэгдээд байна. 2014 оны байдлаар буюу энэ онд бүртгэгдсэн нийт 177 тохиолдлын 4 хувь нь 15-19 насныхан, 16 хув нь 20-24 насны залуучууд байна. Тиймээс хүн бүр, ялангуяа өсвөр насны хүүхдүүд энэ өвчний вирусээс өөрсдийгөө байнга хамгаалж явах нь чухал юм. ДОХ цаг минутаар хүрээгээ тэлж байгаа бөгөөд жил ирэх тусам халдвар тээгчид залуужсаар байна.
1992 онд ХДХВ-ын анхны тохиолдол бүртгэгдэж байсан бол өнөөдөр халдвар тээгч 180-д хүрсэн нь аюул даллаж эхэллээ. Хүн ам багатай манай улс ДОХ-ын халдвар бага тархалттай орны нэгд багтдаг байсан ч сүүлийн жилүүдэд энэ үзүүлэлтэд багтахаа болиод байна. НҮБ-ын ДОХ-ын Нэгдсэн хөтөлбөр болон ДЭМБ тооцоолсноор 2010 оны байдлаар манай улсад ХДХВ-ийн халдвартай 498 хүн амьдарч байгаа гэсэн дүн мэдээ бий. Нэг хүний ард өчнөөн халдвар тараагч байдаг гэх элдэв таамаглалууд мэргэжлийн хүмүүсийн санааг зовоож байна. Тиймээс хүн бүр, улс нийгмээрээ ДОХ-той хүнтэй нь биш , ХДХВ,ДОХ өвчинтэй тэмцэх хэрэгтэй байна.
Хэдийгээр дэлхийн зарим улсад ХДХВ/ДОХ-ын халдварын тархалт буурах хандлагатай байгаа ч Ази, Африк тивийн насанд хүрэгсэд болон хүүхдүүдийн дунд халдварын тархалт нэмэгдэж байгааг албаны хүмүүс анхааруулж байна. Мөн дэлхийд жил бүр таван сая хүн шинээр халдвар авч, гурван сая хүн ДОХ-оос болж нас барж байна. Шинээр халдвар авагчдын тал хувь нь 15-24 насныхан байна. Тиймээс Монгол орны ирээдүй болсон өсвөр насныхан, хамгийн эрүүл байх учиртэй энэ үеийнхэн ХДХВ,ДОХ-ын өвчлөлд онцгой анхаарал хандуулах шаардлагатай байна.